Миннесотад өнгөт арьст эрэгтэйг “санаандгүйгээр” хөнөөсөн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-04-13 12:54:40

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Миннесота муж улсын Бруклин-Сентер хотод ням гарагт цагдаагийн ажилтан гал нээсний улмаас өнгөт арьст эрэгтэй амиа алдсан явдал нь санаандгүй осол байсан гэж тус хотын Цагдаагийн газрын дарга Тим Гэннон мэдээлжээ.


"Цагдаагийн ажилтан Ким Поттер 20 настай Даунт Райт руу цахилгаан гүйдлээр цохигч буугаа чиглүүлэх гэж байсан боловч галт зэвсгээ андууран гаргаж, гал нээсэн" гэж Т.Гэннон сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Уг цагдаагийн ажилтан эмэгтэй Бруклин-Сентер хотын цагдаагийн газарт 26 жил ажилласан байжээ.


Д.Райт амиа алдсан явдал нь олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэж, эрх баригчид хөл хорих цаг тогтоогоод байгаа юм.


Гэвч даваа гаргийн орой жагсагчид хөл хорих цагийг зөрчин Цагдаагийн газрын байрны гадна хоёр дахь шөнөө дараалан цуглажээ. Тухайн газрын ойролцоо байсан хүмүүсийн мэдээлснээр, зарим жагсагч нулимс асгаруулагч хий цацаж байсан цагдаа нар луу салют буудуулж, лонх шидэж байжээ.


Мөн өнгөрсөн тавдугаар сард Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн ажилтныг шүүх хурал үргэлжилж буй энэ үед тус хотод ч мөн эсэргүүцлийн жагсаал өрнөх болоод байна. 

Холбоотой мэдээ