“Covid-19 ersdel” системийг тогтмол ашиглахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 13:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос Covid-19 ersdel системийг ирэх даваа гаргаас ашиглалтад оруулахад бэлэн болгожээ.


Энэ системийг Apple”, Google компани коронавирусний халдварт өртөх эрсдэлийг эрт мэдээлэх зорилгоор хөгжүүлж, одоогоор дэлхийн 60 гаруй улсын 130 сая гаруй иргэн ашиглаж байна.


Таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан бол eruul.gerege.mn системээс гар утсанд тань найман оронтой тоо бүхий нэг удаагийн баталгаажуулах код ирнэ. Энэ нь шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор гар утсанд мессежеер ирэх юм. Баталгаажуулах кодоо Covid-19 ersdel системд та 24 цагийн дотор оруулж, өөрт ойр харилцсан хүмүүс халдварт өртсөн байж болзошгүй сэрэмжлүүлэг хүргэнэ. Энэ үед таны нэр, утас, байршил зэрэг хувийн мэдээлэл Covid-19 ersdel системд хадгалагдахгүй.


Ингэснээр та цар тахлын халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчлөх аж.


Covid-19 ersdel  системийг ашиглахын тулд iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12,5, 13,7 хувилбар эсвэл

түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос Covid-19 ersdel аппликейшныг татан авч ашиглана.


Системийг ашиглахын тулд утасныхаа Bluetooth-ыг идэвхжүүлнэ. Таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дараалал үүсгэн, өөр хүний утастай тодорхой зайнд ойртоход утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Энэ тоон дарааллаар хувь хүний мэдээлэл хамгаалагдсан байх аж.


Хавьтал тодорхойлох энэ ажил нь хүн бүрийн оролцоо, дэмжлэгээс хамаарах тул иргэд үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ Covid-19 ersdel системийг тогтмол ашиглахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зөвлөлөө. 

Холбоотой мэдээ