Ж.Байгалмаа: Хөл хорионоос гарах төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-21 12:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож, дараах асуултад хариуллаа.

 

-Хатуу хөл хорио гэж юу вэ?

-Халдварын тархалтын үе шатаас хамааран улс орнууд эмийн бус арга хэрэглэдэг. Үүний нэг нь хатуу хөл хорио тогтоох юм. Өвчлөл хүндэрч, эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц дутмаг үед энэхүү арга хэмжээг авдаг. Манай улс 2020 оноос хойш 4 удаа хөл хорио тогтоож байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 10-наас эхэлж, 15 хоног хөл хорио тогтоосон. Энэ удаагийн хөл хорионы үед иргэдийн эмийн сан, хүнсний дэлгүүр явах зэрэг хөдөлгөөн буураагүй. Хөл хорионы дараа өвчлөл ихэсдэг дүр зураг харагдаж байгаа юм.


Шинжилгээнд илрэх эерэг үзүүлэлт 5 хувьтай байсан, бол сүүлийн долоо хоногт 9 хувь болсон.

Иргэдийн зорчилт хөдөлгөөний графикаас харахад, өнгөрсөн жилийн эхний хөл хорионы үед хөдөлгөөн "хасах үзүүлэлт"-тэй байсан. Цагаан сарын үеэр мөн 40 хувийн хасах үзүүлэлттэй байгаа бол, одоогийн хөл хорионы хөдөлгөөн эерэг утгатай байна.

Хөл хорио энэ сарын 25-нд дуусвал хэсэг хугацаанд өвчлөл буураад дахин өснө. Хэрвээ 28 хоног үргэлжилбэл өвчлөл харьцангуй буурах үзүүлэлттэй байна. Вакцин хийхгүй, хөл хорио тогтоохгүй зэргээр ямар ч арга хэмжээ авахгүй бол нэмэгдэж явсаар нэг өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэхээр байгаа юм. Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой.

 

-Хөл хориог сунгасан ч хөдөлгөөн өнөөгийнх шиг байвал халдварын тохиолдлын тоо ямар байх вэ?

-Хөл хорионы үед хөдөлгөөн бага байж өвчлөл буурч, үр дүн гарна. Тиймээс хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, гадуур гарахгүй байх хэрэгтэй.

 

-Астразенека”-гийн вакцин ирсэн үү?

-Астразенека вакцины 50 мянга гаруй тун өнөөдөр ирнэ. Хоёр дахь тунг цагдаа, онцгой зэрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилчдад хийнэ.

 

-ХӨСҮТ-өөс хөл хориог сунгах саналтай байгаа юу?

-Хөл хорионы үргэлжлэх хугацаа урт байх тусмаа халдварын тархалт тууштай буурна. Хэрвээ хөл хориог энэ сарын 25-нд дуусгавал эрсдэл ихтэй. Харин 28 хоног болговол өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо огцом буурна. Мөн хөл хорионоос гарах төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай байна. 


Холбоотой мэдээ