Тогтвортой орчныг бүрдүүлж зөвшилцөхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-22 12:49:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монголын Гүйцэтгэх захирлуудын СЕО клубээс хамтран уриалга гаргажээ.

Уриалгад, эдийн засгийн хөгжлийг хангах, 2020 онд цар тахлаас болж 5.6 хувь орчмоор агшаад буй Монгол Улсын эдийн засгийг буцаан тэлэхэд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол улс төрийн тогтвортой орчин дахь бизнесийн тасралтгүй, бүтээлч үйл ажиллагаа байх ёстой гэдгийг онцолжээӨдрөөс өдөрт хүндэрч байгаа цар тахлын нөлөөгөөр Монгол Улсaд төдийгүй дэлхий нийтэд бизнесийн орчин улам муудаж, олон улсад төр засаг нь ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалахaд бүхий л нөөц бололцоогоо дайчлахын зэрэгцээ эдийн засгаа аврах, эдийн засаг, бизнесээ унагаахгүй авч гарах том сорилт тулгарч байна.

Энэ сорилт биднийг тойроогүй бөгөөд Монголын бизнесийг тогтвортой байлгах, улмаар сайжруулах боломжит бүх арга замыг төр засаг, хувийн хэвшлийнхэн аль аль нь эрэлхийлж, зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь хувийн хэвшлийнхэн, ажил олгогч, ажилчдад тодорхой хэмжээнд эергээр нөлөөлж байна.


Гэтэл эдгээр арга хэмжээний нөлөөлөл дөнгөж гарч эхэлж байгаа энэ цаг үед бизнесийн орчинд хамгийн их нөлөөлдөг улс төрийн тогтворгүй байдал үүсэж байгаад татвар төлөгч, ажлын байр бүтээгч, бизнес эрхлэгчид бид туйлын харамсаж байна. Улс төрийн тогтворгүй байдал бий болох нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна цар тахалд туйлдан ядарч байгаа иргэд, ард түмний амьдрал, эв нэгдэл, цар тахлын эсрэг зогсох бидний хамтын тэмцэлд ч сөргөөр нөлөөлөх аюултай гэдгийг улстөрчид мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Иймээс Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, татвар төлөгч, ажил олгогчид бид улс төрийн бүх нам, төрийн бүх институцид хандан ард түмний эв нэгдлийг хангах, цар тахлын эсрэг хамтран тэмцэх, эдийн засгаа идэвхжүүлэх, гадаад хөрөнгө оруулалтыг татах, бизнесийн орчныг тогтвортой байлгах боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, нийтийг хамарсан үймээн самуун, бослого, хөдөлгөөн, хууль бус тэмцэл, нийгмийн эмх замбараагүй байдлыг өөгшүүлэхгүй, хувь хүний эрх болон бизнесийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс нэн даруй зөвшилцлийн ширээний ард суухыг улстөрчдөд уриалжээ.

Холбоотой мэдээ