Сахилга хариуцлага, ёс зүйн тандалт судалгааны тайлан гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-22 14:51:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооноос спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдын сахилга хариуцлага, ёс зүйн байдлын асуумж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг тандах судалгааг хийж дууслаа. 


Энэхүү тандалтыг зөвхөн судалгааны зорилгоор ашиглах бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн 11.3.6 дахь заалтын хэрэгжилтийг хангах, сахилга баттай холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэдэг эсэх, ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудыг тодорхойлох зорилготой байсан юм.


Судалгаанд нийт спортын 44 холбоо оролцож, сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлийн тодорхой асуумжуудад хариулахад БТС-ын тухай хуулийн дагуу ёс зүйн дүрмээ батлан ажилладаг холбоо 27, өөрийн холбооны дүрэмд ёс зүйн дүрэм батлуулан хэрэгжүүлдэг 32 , ёс зүйн хорооны журам, хуралдааны дэгийг баталж хэрэгжүүлэн ажилладаг 26, ёс зүй, сахилга хариуцлага хүлээлгэхээр Удирдах зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлдэг нь 18, Олон улсын холбооны ёс зүй, хариуцлагын дүрмийн заалтыг шууд ашигладаг 15 холбоо, Ёс зүйн хороогоор хэлэлцүүлдэг 11 холбоо тус тус үйл ажиллагаа явуулж байна.


Сүүлийн дөрвөн жил буюу олимпын наадмын 1 циклд 2 холбоо тус бүр 1 тамирчинд, 3 холбооноос тус бүр 2 тамирчинд, 2 холбооноос тус бүр 4 тамирчинд, 1 холбооноос 5 тамирчинд ёс зүй, сахилга хариуцлагын шийтгэл оногдуулж, асуумжид оролцсон 44 холбооноос 8 нь 21 тамирчинд хариуцлага тооцжээ.


Мөн олон улсын дүрмийн дагуу болон тухайн спортын төрлийн  дасгалжуулагчийн эрхийг 2 холбооноос тус бүр 3 дасгалжуулагчид, 1 холбооноос 1 дасгалжуулагчид сахилга хариуцлагын шийтгэл оногдуулсан бөгөөд нийт 3 холбооноос 7 дасгалжуулагчид хариуцлага тооцсон байна.


Харин  олон улсын дүрмийн дагуу болон тухайн спортын төрлийн шүүгчийн эрхийг 1 холбооноос 3 шүүгч, 1 холбооноос 1 шүүгчид сахилга хариуцлагын шийтгэл оногдуулсан бөгөөд нийт 2 холбооноос 4 шүүгчид хариуцлага тус тус тооцжээ.

Холбоотой мэдээ