АН-ын бүлгийн завсарлагын хугацааг сунгав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-04-22 16:16:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэх явцад авсан завсарлагын хугацааг дахин нэг цагаар сунгав. 


Тодруулбал, уг асуудлыг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага хүссэн ч хуралдаан даргалагч 16.00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. Харин үдээс хойших хуралдаанаар дахин хэлэлцэхэд АН-ын бүлэг авсан завсарлагаа ажлын 3 өдөр сунгах хүсэлт гаргасан юм. Энэ үеэр УИХ-ын дарга МАН болон АН-ын бүлгийн дарга, дэд дарга нартай зөвшилцөж, нэг цаг сунгахаар болов.


Тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дөхөж байгаа тул УИХ шийдвэрээ шахуу гаргах шаардлагатай байгааг онцолсон юм.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүсийг дахин нэр дэвших эрхийг хязгаарласан заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас одоо нэр дэвших боломжгүй гэсэн зохицуулалт тусгах шаардлагатай гэж  ҮХЦ үзэж, дүгнэлтээ УИХ-д ирүүлээд буй юм.

Холбоотой мэдээ