Аудитаар гурван байгууллагад итгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-26 12:01:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчдын 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж дуусжээ.  

Төсвийн төвлөрүүлэн захирагчийн 18, шууд захирагч болон аймаг,  сумдын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан зэрэг 221 орон нутгийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага аудитад хамрагдсан байна. Санхүүгийн  тайлангаар   сүүлийн   гурван   жил   зөрчилгүй   дүгнэлт авсан, удирдлага, санхүүгийн ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажилласан Татварын хэлтэс, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Боловсрол, соёл урлагийн газрын тайланг баталгаажуулахгүйгээр итгэл үзүүлжээ. Мөн 103 байгууллагыг түүвэрт, 79 байгууллагад зөрчилгүй дүгнэлт, санхүүгийн тайлан зөрчилтэй 30 байгууллагад хязгаарлалттай дүгнэлт, санхүүгийн тайлан материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдсэн сумын Эрүүл мэндийн төвийн таван байгууллагад сөрөг дүгнэлт, аудитаар хангалттай, зохистой  нотолгоо авах боломжгүй  нөхцөл  үүссэн  Хутаг-Өндөр сумын “Илчит хутаг” ОНӨААТҮГ-ын санхүүгийн тайланг баталгаажуулахаас татгалзах дүгнэлт өгчээ.

Аудитаар нийт 118.8 сая төгрөгийн 123 төлбөрийн акт, 3,2 тэрбум төгрөгийн 167 албан шаардлага, 8,8 тэрбум төгрөгийн 515 зөвлөмж хүргүүлэн аудитын явцад 1,5 тэрбум төгрөгийн 116 алдааг залруулж, нийт 13,7 тэрбум төгрөгийн 926 алдаа, зөрчил илрүүлжээ. Санхүүгийн тайлангийн аудитын явцад 16.5 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлсэн байна.                                                                                                                 

Сургуулиуд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд танхимаар хичээллээгүй үед багш нарт өдрийн хоолны мөнгө олгосон, цэцэрлэгүүд хүүхдийн тоглоом авахаар санхүүжилт хийсэн боловч гэрээний хугацаанд бэлтгээгүй авлага үүсгэсэн, эрүүл мэндийн төвүүд тендерт  шалгараагүй  компаниудаас  эм, эмнэлгийн хэрэгсэл   худалдан авсан,   хэлтэс, агенлагийн дарга, санхүүгийн ажилтнууд урамшуулал давхардуулж авсан, орон нутгийн хөгжлийн   сангийн мөнгийг   хөтөлбөр   нэрээр   иргэдийн   санал   аваагүй   арга   хэмжээнд зарцуулсан,   сум   хөгжүүлэх   болон   сумдад байгаа   жижиг   дунд,   баг   хөгжүүлэх  сангийн зээлийн эргэн төлөлт, ашиглалт, зарцуулалт хангалтгүй, эд хөрөнгийн тооллогын үр дүнг тооцдоггүй,   авлага,   өглөгийн   баталгаажуулалтыг дутуу   хийдэг   зэрэг   нийтлэг   зөрчил, дутагдал илэрлээ.

Аудитаар   илэрсэн   алдаа   зөрчил,   цаашид   анхаарах  асуудал, зарим  албан тушаалтанд хариуцлага  тооцуулах  асуудлыг  Төсвийн  ерөнхийлөн  захирагчийн  болон төсвийн гүйцэтгэлийн тайланд нэгтгэж аймаг, сумын Засаг даргад хүрүүлэхээр ажиллаж байна гэж аймаг дахь төрийн аудитын газрын менежер Ж.Энхцоодол мэдээллээ.

Холбоотой мэдээ