Эмчлүүлж буй иргэд зөрчил гаргасаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-04-26 17:38:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Сүүлийн 48 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 78 тохиолдол бүртгэгдлээ. Толруулбал энэ сарын 25-ны өдөр 34 тохиолдол батлагдсан. Эдгээрээс 20 тохиолдол нь нийтийг хамарсан өргөжүүлсэн тандалт шинжилгээнээс, арав нь гэрийн тусгаарлалтаас, дөрөв нь ажиглан тусгаарлах байрнаас тус тус илэрчээ. Харин өнөөдөр 44 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 502 боловБатлагдсан  44 тохиолдлын 39 нь гэрийн болон ажиглан тусгаарлах байрнаас, тав нь тандалтын шинжилгээгээр илэрчээ. Эдгээр тохиолдлуудын ойрын хавьтлыг олж тогтоохоор тархвар судлаачид ажиллаж байна. Аймагт эх үүсвэр нь тодорхойгүй 29 кластер байна. Эмчлэн тусгаарлах байранд нийт 249 хүн эмчлүүлж байгаагийн 134 нь эмэгтэй, 115 нь эрэгтэй, 15 хүртэлх насны 49 хүүхэд байна. Харин 7 иргэн өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа аж.

Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй иргэдээс багагүй зөрчил илэрч байгаа талаар эмнэлгийн дарга онцлов. Учир нь эмчлүүлж буй иргэд цонхоороо хог хаях нь коронавирусний халдвар тараах эрсдэлийг үүсгэж байна гэв. Эмнэлгийн хог хаягдал, тэр тусмаа коронавирусний эмчлэн тусгаарлах байрны хог хаягдлыг тусгай уутанд хийн халдваргүйжүүлж, тусгай багийнхан зөөвөрлөн устгадаг. Гэвч халдвартай, эмчлүүлж буй зарим иргэн өрөөнийхөө цонхоор хог, хоолныхоо үлдэгдлийг хаяж байгаа нь халдварыг тараах эрсдэлийг бий болгож байна. Дээрх тохиолдлууд нь цагдаагийн алба хаагчийн хяналтаар баталгаажсан гэдгийг ч онцоллоо.

Түүнчлэн бага насны хүүхэдтэй тусгаарлагдан эмчлүүлж буй иргэд эргэлтээр буюу гаднаас баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн захиж хэрэглэх, үүнээс улбаалж хүүхдүүд гэдэсний хямралд орох, халдвартын тасаг руу шилжиж байгаа аж. Тиймээс цар тахлыг хамтдаа даван туулахын тулд эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагах, эмч, ажилтны ажилд саад учруулахгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ