Биеийн тамир, спортын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-05 13:52:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаараа Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллийг сонссон. Уг мэдээлэлтэй холбогдуулан Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.


Энэхүү Ажлын хэсгийн хурал 2021 оны 5 дугаар сарын 4-нд цахимаар явагдаж, гишүүд санал бодлоо солилцлоо.


Ажлын хэсгийг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 02 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, гишүүдэд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарыг сонгожээ.


Харин мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчаар БСШУС-ын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, гишүүдэд УИХ-ын Тамгын газрын хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналтын шалгалтын хэлтсийн референт Ц.Рэнцэнтогтох, Үндэсний аудитын газрын нэгдүгээр газрын ахлах аудитор Б.Хишигтогтох, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түвдэндорж, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, тус хорооны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтэн Ц.Батцайз МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, МҮОА-ийн ерөнхийлөгч, Спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар, нарийн бичгийн даргаар УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны референт Н.Монголмаа, БТСУХ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нар багтаж ажиллахаар болсон байна.


Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг сонсож, хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боловсруулж буй Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал хүргүүлэх, Биеийн тамир, спортын улсын хороо, түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын үйл ажиллагаатай танилцав.


Мөн салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Холбоотой мэдээ