Вакцинд бүрэн хамрагдсан иргэд үсчингээр үйлчлүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-05 23:01:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "E-Mongolia" цонхыг ашиглан вакцины хоёр тунд хамрагдсан талаарх QR кодоо уншуулснаар зарим хязгаарлалттай газарт үйлчлүүлнэ. Тус системийг ХХМТГ-аас даваа гарагт бэлэн болгоно гэдгийг Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газраас хатуу хөл хорионы дэглэмийг энэ сарын 8-наас сулруулах бөгөөд зарим эрсдэлтэй салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан үсчин, гоо сайхан зэрэг дотоод орчинд 15 минутаас дээш байдаг газарт вакцины давтан тун хийлгэсэн хүн үйлчлүүлэх боломжийг нээжээ. Иргэд тухайн газарт үйлчлүүлэхдээ E-Mongolia цонхыг ашиглан вакцинд хамрагдсан гэрчилгээн дэх QR кодыг авч тухайн газарт  уншуулж баталгаажуулах юм байна. 


Ташрамд дурдахад, энэ сарын 15-наас бялдаржуулах төв, усан сан зэргийг нээх юм байна. Харин томоохон зах, худалдааны төвийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ