ДЭМБ цар тахлаас урьдчилан анхааруулах төв байгуулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-05-06 12:22:59

БЕРЛИН. /DW/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБшинэ цар тахал дэгдэхээс урьдчилан анхааруулах төвийг Германд байгуулахаар болсноо лхагва гарагт мэдэгджээ.  


ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, “Вируснүүд хурдан тархдаг ч мэдээ мэдээлэл түүнээс хурдан түгдэг” гэдгийг Цар тахал, тархвар судлалын төвийн талаар танилцуулах үеэрээ онцлон хэлсэн байна.


Берлин хотноо ирэх есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх энэхүү төв нь дэлхий даяарх аливаа халдварын эрсдэлийг урьдчилан таамаглах, сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авахад бэлтгэхийн тулд холбогдох мэдээллүүдийг задлан шинжлэх ажээ. Мөн улс орнууд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна цар тахал дэгдэх эрсдэлийг одоогийн тогтолцоонуудаас илүү эрт илрүүлэх ёстой байна.


"Цар тахал, тархвар судлалын дэлхийн тогтолцоон дахь алдаа дутагдлуудыг COVID-19” тодотгон харууллаа. Цаашид ийм аюул нүүрлүүлэх вируснүүд тархах нь цаг хугацааны асуудал юм. Вируснүүд хурдан тархдаг ч мэдээ мэдээлэл түүнээс хурдан түгдэг. Тиймээс улс орнууд үнэн зөв мэдээллийг авснаар үүсэж болзошгүй эрсдэлээс нэг алхмын өмнө байж, ард иргэдийнхээ амь насыг хамгаалах боломжтой болно” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.  

Холбоотой мэдээ