“Азийн хүүхдүүд” их наадамд Дундговиос хоёр тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 14:55:20

ОХУ –ын Саха Якутск улсад долдугаар сарын 5-17-ны өдрүүдэд болох “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VI их наадамд Дундговь аймгаас хоёр тамирчин оролцоно. Тэд тус наадмын самбо, жүдо бөхийн төрөлд өрсөлдөх юм.

Жүдо бөхийн 66 кг- ийн жинд Сайнцагаан сумын “Эрдмийн далай сургуулийн сурагч Г. Ууганбаяр, самбо бөхийн 78 кг –ийн жинд “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Б. Чинзориг барилдахаар дасгалжуулагч багш М.Цолмонбаярын удирдлага дор бэлтгэлээ хийж байна. Тэд самбо, жүдо бөхөөр хичээллээд 5 жил болж байгаа бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс О.Ууганбаяр 4, Б.Чинзориг 2 медаль зүүж ирсэн, амжилт, барилдааны ур чадвар өсч яваа өсвөрийн тамирчид гэдгийг дасгалжуулагч М. Цолмонбаяр хэллээ.

Тамирчид энэ сарын 24- нөөс эхлэн Улаанбаатар хотод тэмцээний нэгдсэн бэлтгэлд гарах юм байна.

“Азийн хүүхдүүд” Олон улсын наадам 1996 оноос эхлэн 4 жил тутамд зохион байгуулагдаж, 2010 онд Олон улсын Олимпийн Хороо болон Азийн Олимпийн зөвлөлийн ивээлд багтаж, 2011 онд энэхүү наадмыг ЮНЕСКО соёлын өвдөө бүртгэж авсан байдаг.

Монгол Улсаас энэ удаагийн наадамд спортын 18 төрлөөр 176 тамирчин, дасгалжуулагч оролцох бөгөөд тамирчдын эгнээнд ийнхүү Дундговийн хоёр тамирчин багтаж, нэр хүндтэй энэхүү наадмыг зорихоор зэхэж байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ