Орон нутгийг дэмжихийн тулд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-10 15:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Орон нутгийг хөгжүүлэх ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Ажил хийхийн тулд хотыг чиглэдэг нүүдэл тасрахгүй байна. Үүнд дорвитой бодлого хэрэгжүүлэх шаардлага бий?


-Засгийн газар байгуулах үед би чуулганы индрээс хэлсэн үгийнхээ дагуу явж байгаа. Яагаад вэ гэхээр амлалт, цаг хугацаа гээд бүх зүйл тодорхой байх ёстой. Цаашдаа ч шүүмжлэлээс үл айн, асуудлыг хугацаатай, зорилттой нь тодорхой хэлнэ. Энэ 100 төсөл ч маш тодорхой явна. Орон нутгийн хөгжлийн асуудал дээр би чуулганы индрээс хэлэхдээ төвлөрлийг сааруулах үндэсний тогтолцоог бүрдүүлнэ гэж хэлж байсан. Энэ бол том агуулгатай үг. Хотын газар олголттой холбоотой асуудал. Тухайлбал, газар олголттой холбоотойгоор БХБЯ, НЗДТГ-ын саналыг Засгийн газар буцаасан. Одоо бид бүгдийг цахимаар бүртгэнэ. Жишээлбэл, 0.7 га газрыг нэг хүн 10 удаа аваад байна уу, огт аваагүй байна уу. БОАЖЯ, НЗДТГ-ын дунд байгаа тусгай хамгаалалтын бүсийг бүртгэлжүүлнэ. Тэнд өмнө нь Засгийн газрын шийдвэрээр тэнд газраа аваад, барилгаа барьсан бол маргалдахгүй юм гэхэд цаашдаа ийм асуудлыг зогсоох ёстой. Тиймээс хөдөө рүү очих тусам дэмжих бодлого барина. Жишээлбэл, хөдөө очсон багш, эмч болон бусад төрийн албан хаагчдад тэтгэлэг олгох уу. Буцаад хотод ирэхэд шатлан дэвших мерит зарчимд тооцох уу, татвартай холбоотой хөнгөлөлтийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үү. Байгууллагынхаа оффисыг нийслэлээс 300, 700, 1000 км-ын зайд гаргавал татварын ямар дэмжлэг олгох вэ гэдэг асуудлыг цогцоор нь авч үзнэ. Үүнд Сангийн яам санаачлагатай ажиллаж байгаа. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, цахим шилжилттэй холбоотой асуудлыг ярина. Тиймээс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-д дахин оруулна. Одоогоор эхний төсөөлөл гарсан. Өмнөх төсөөллөөс хэд хэдэн зүйл өөрчлөгдөж байгаа. Жишээлбэл, Өмнөговь, Дорноговь бол аж үйлдвэрийн бүс нутаг болж хөгжинө. Энэ бүс нутагт очиж байгаа залуучуудыг яах вэ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр ч ийм байсан. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн цахилгаан станцын тендер авсан компани тухайн бүс нутгийнхаа залуучуудыг МСҮТ-д сургаад, тэндээ ажиллуулж, хотоос нүүлгэх. Энэ бүх зүйлийг хийж байж бид Улаанбаатар хотыг “аврах” боломжтой. Жишээлбэл, Төв аймаг. Улаанбаатар хотын төвлөрлийн хоёр дахь цэг бол Хөшгийн хөндий. Дагуул, хаяа хот байгуулах. Энэ утгаараа Төв аймаг Улаанбаатар хоттой нэг бүс болох нь тодорхой болж байгаа юм. Баруун нутаг бол сэргээгдэх эрчим хүч болон өвлийн аялал жуулалын бүс болж хөгжихөд чиглэнэ. Зүүн аймгууд түүхэн бүс нутаг. Автозамын төслүүд дээр бид стратегиа тодорхойлсон. Нэгдүгээрт, хилийн боомтуудыг холбоно. Хоёрдугаарт, аялал жуулчлалын замуудыг холбоно. Гуравдугаарт, орон нутгийн зам гэсэн эрэмбээр явна.


-“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг сэргээх 10 наядын цогц хөтөлбөр”-ийн хүрээнд 9 мянга гаруй иргэн зээл авсан байна. Энэ зээлийн хүртээмжийг нэмэх үү?


-Зээлийн хүртээмжийг сайжруулахын тулд нэг их наяд төгрөг нэмэхээр банкуудтай ярьж байгаа. Банкуудтай холбоотой асуудлыг долоо хоног бүр хэлэлцэж байгаа. Энэ зээл хүртээмжтэй байх тийм ч амар биш. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд арижлааны банкнаас 3 хувийн зээл олгож байгаагүй. Тэгэхээр 17 хувийн хүүг шууд 3 хувь руу оруулах нь банкны салбарт ч том эрсдэл. Гэхдээ энэ ажил банкны салбарт том реформыг эхлүүлж байгаа гэж найдаж байгаа. Гурван жилийн дараа зээлийн хүү буцаад 17, 18 хувь хүрэх үү. Энд хадгаламжийн хүүг шат дараатай бууруулах ажил эхэлж байгаа. Тиймээс банкны салбарын том реформыг хөндөж байгаа тул иргэд үүнд хүлээцтэй хандах нь зөв. Мэдээж зээл бол тодорхой шалгууртай, зах зээлийн зарчмаараа явна. Энэ бол халамж биш, тэтгэлэг биш. Зээлийн хүүг бууруулах шинэчлэлийн ажил гэдэг агуулгаар нь ойлгох нь чухал юм.

Холбоотой мэдээ