Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-11 11:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Женев хотноо байрладаг Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос өчигдөр Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдааныг Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт цахимаар зохион байгуулав. ОУПХ 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд кохион байгуулсан уг форумд Монголын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцов. 


Дэлхийн 60 гаруй орны парламентын гишүүн болон парламентын ажлын албаны төлөөлөгчид оролцсон тус хуралдааныг ОУПХ-ны ерөнхийлөгч Дуарте Пачеко нээв. Тэрбээр хэлсэн үгэндээ улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байхад парламентын эмэгтэй гишүүдийн үүрэг, хариуцлага маш чухал болохыг тэмдэглэсэн. 


Ээлжит 142 дугаар Ассамблей “Цар тахлыг өнөөдөр даван туулж,  маргаашийг илүү сайн сайхан цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэсэн үндсэн сэдвээр чуулж буй учир жендэрийн тэгш байдлыг дэмжих талаар ОУПХ-ноос явуулсан сүүлийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг оролцогчдод өгөв. 


Хурлаар “КОВИД-19 цар тахлын жендэрийн нөлөөлөл ба жендэрийн мэдрэмжтэй сэргээн босголтод чиглэсэн парламентын үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгох нь, 142, 143 дугаар Ассамблейд хэлэлцэх тогтоолын төслүүдэд жендэрийн тэгш байдлыг хангах нь гэсэн сэдвүүдээр идэвхтэй мэтгэлцээн өрнүүлж, цар тахлын хүндрэлтэй үед эн тэргүүнд хийх болон хийж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл, санал солилцлоо. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монгол Улсын парламент, төр засгаас дархлаажуулалтыг амжилттай хийж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр, "өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын хүн амын 94 хувийг вакцины I тунд, 63 хувийг II тунд, орон нутгийн иргэдийн 60 гаруй хувийг I тунд хамруулсан талаар Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр иргэддээ мэдэгдсэн. Ирэх долдугаар сарын 1 гэхэд зорилтот хүн амыг бүрэн хамруулах зорилт тавина жиллаж байна" гэлээ. Мөн Засгийн газраас 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг зорилтот бүлэг болгон хамруулж буйг дурдав.


Түүнчлэн, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд онцгой анхаарч хөнгөлөлттэй үнээр эм авах, өндөр өртөгтэй мэс заслын болон халдварын эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буйг мэдээлээд, цар тахлыг амжилттай даван туулж буй улс орнуудын туршлагыг авч хэрэгжүүлэх, өөрсдийн туршлагаас хуваалцахад бэлэн байгааг онцлов.

Холбоотой мэдээ