АНУ-ын жолооч нарт шатахуун нөөцлөхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-12 12:42:11

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын “Colonial Pipeline” дамжуулах хоолойн оператор компани цахим халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаатай зэрэгцэн шатахуун нөөцлөхгүй байхыг жолооч нарт уриалжээ.


Хойд Каролина, Виржиниа, Флорида муж улсад шатахуун түгээх станцуудын нөөц дуусах болж, үнэ өссөнтэй холбоотойгоор онцгой байдал зарлаад байгаа юм.


Америкийн Автомашины холбооны мэдээлснээр, мягмар гаргийн байдлаар нэг галлон /3.785 литр/ шатахууны дундаж үнэ 2.98 ам.долларт хүрсэн нь 2014 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Үүнтэй зэрэгцэн зүүн өмнөд нутгийн жолооч нар шатахуун нөөцөлж буй байдал ажиглагдах болсон тул АНУ-ын Эрчин хүчний сайд Женнифер Гранхольм шатахуун нөөцлөх шаардлага огт байхгүй гэдгийг жолооч нарт хандан мэдээлсэн байна.


“Шатахууны хувьд “Colonial Pipeline” компаниас ихээхэн хамааралтай Хойд Каролина, Өмнөд Каролина, Теннесси, Жоржиа болон Виржиниагийн өмнөд хэсгээр шатахууны нийлүүлэлт тасалдсан болохоос хомсдол үүсээгүй” гэдгийг тэрбээр мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. 


Цахим халдлагын тухайд

Colonial Pipeline” компани өнгөрсөн баасан гарагт цахим халдлагад өртсөний улмаас үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Тус компани Зүүн эргийн тэн хагас орчмыг шатахуунаар хангадаг 8900 километр хоолойн ажиллагааг энэ долоо хоногийн эцэс хүртэл ерөнхийдөө сэргэхгүй гэж таамаглаж байна.


Холбооны мөрдөх товчоо /FBI/ энэ халдлагад “Darkside” хакеруудын бүлэглэлийг буруутгаж байгаагаа мэдэгджээ. Уг бүлэглэлийг ОХУ юм уу Зүүн Европт төвтэй хэмээн үздэг бөгөөд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын хэл ашигладаг компьютеруудыг онилохоос зайлсхийдэг гэж кибер шинжээчид мэдээлжээ.


Харин АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс ОХУ-ын Засгийн газар цахим халдлагын ард бий гэх таамаглалыг няцаасан байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ халдлага үйлдсэн гэж үзэх нотолгоо одоогоор байхгүй гэдгийг мэдэгдээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ