Саналаа өгөх урилгыг сонгогчдын гарт хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-21 20:59:39

Сонгуулийн хэсгийн хорооны гишүүд УИХ- ын болон аймгийн ИТХ- ын сонгуульд саналаа өгөх урилгыг санал тэмдэглэн  санал тоолох төхөөрөмжид уншуулах зааврын хамтаар сонгогчдын гарт хүргэж байна.

Сонгогч 6 дугаар сарын 29- ны өдөр өглөө 7 цагаас орой 22 цаг хүртэлх хугацаанд саналаа өгөхөөр харъяа хэсгийн хороог зорихдоо иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд санал тэмдэглэхдээ УИХ- ны сонгуулийн тойрогт нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн, аймгийн ИТХ- ын сонгуулийн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийн  нэрийн өмнөх зууван дугуйг тус тус дүүргэж будахыг сонгогчийн гарт хүрч байгаа энэхүү зааварт сануулж дурьдсан байна.

Сонгогч санал тэмдэглэхдээ алдаа гаргавал дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. Тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчийг сонговол саналын хуудас хүчингүй болохыг анхааруулжээ. Мөн саналаа өгөхдөө хориглох зүйлүүдийг сонгогчдод урьдчилан хүргэж буй энэхүү зааварчилгаанд тодруулан өгч, санал авах байрын хаягийг бичсэн байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ