Маккензи Скотт сайн үйлсийн төлөө дахин 2.7 тэрбум ам.доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-06-16 14:55:22

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, тэрбумтан Маккензи Скотт сайн үйлсийн байгууллагуудад дахин 2.7 тэрбум ам.доллар хандивлажээ.


“Миний бие хөрөнгө санхүүгийн дутагдалтай, олон нийтийн анхааралд төдийлөн өртөхгүй байсаар ирсэн байгууллагуудад тусламж үзүүлэхийг хүссэн” хэмээн М.Скотт өөрийн блог хуудсандаа бичсэн байна. Тодруулбал, тэрбээр арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон урлаг, боловсролын чиглэлийн 286 байгууллагыг сонгон хандив өгчээ.


М.Скотт нь дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрбээр хөрөнгийнхөө дийлэнхийг одоогоор дэлхийн хамгийн чинээлэг эрхэмд тооцогдож буй Ж.Безосоос 2019 онд салсныхаа дараа эзэмшсэн бөгөөд “Amazon” компанийн хувьцааны дөрвөн хувийг эзэмших болсон билээ.


Зохиолч М.Скотт түүнээс хойш буяны байгууллагуудад хандив өргөсөн талаараа мэдээлсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 12 дугаар сард тэрбээр эмэгтэйчүүдээр удирдуулсан буяны байгууллагууд болон хүнсний сан, өнгөт арьстнуудын коллежуудад дөрвөн тэрбум гаруй ам.доллар хандивласнаа зарлажээ.


Тийнхүү хандив өргөсөөр байгаа хэдий ч М.Скотт 59.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн 22 дугаарт жагссан хэвээр байгааг Америкийн “Forbes” сэтгүүлийн мэдээлэл харуулж байна. 

Холбоотой мэдээ