Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 13:08:56

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж зургаадугаар сарын 17-ны 20.00 цагаас зургаадугаар сарын 28-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэг улбар шар түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын гуравдугаар зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоох, төрийн байгууллагын хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагааг хавсралтаар баталжээ. Зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байгаатай холбогдуулан аймгийн төв, сум хооронд сумын Онцгой комиссын зөвшөөрөлтэй хөдөлгөөнд оролцох юм.

Нийтийн эзэмшлийн зам талбай, хүүдийн тоглоомын талбайд бөөгнөрөл үүсгэхгүй байх,  эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг олон нийтийн  газраар дагуулж явахгүй байх зэрэг тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна. Захирамжийн дагуу бүх төрлийн баяр наадам, тэмдэглэлт ой, байгууллага хамт олны аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, уул овоо тахих, бүх төрлийн баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим автомат тоглоомын газар зэрэг 15 орчим нэр төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглов.

Харин зөвхөн гэр бүлээрээ агаар салхинд гарах, буяны ажлаар бусад орон нутгаас ирэх зэрэг үйл ажиллагааг тодорхой горимын дагуу зөвшөөрсөн байна. Харин хоол үйлдвэрлэл, хоолны газар, ресторан кафе, сүлжээ хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет явуулын үйлчилгээтэй хоолны газрыг зөвхөн хүргэлтээр зохион байгуулахыг зөвшөөрөв.

Холбоотой мэдээ