ЕХ руу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох талаар зөвлөлдөв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-22 10:42:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс-Европын Холбоо хоорондын амьтан, ургамлын эрүүл ахуйн үйл ажиллагааны талаар албан ёсны анхдугаар уулзалт зохион байгууллаа.


Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжинд ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийн хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавих эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгохоор тогтов.


Мөн хурлаар ЕХ-ны зах зээлд эдгээр бүтээгдэхүүнийг экспортлоход тавих шаардлага, холбогдох журмын тухай мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж буй бэрхшээлийг шийдэхийг зорьжээ.


Монгол Улс Европын Холбоо руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн.

Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж салбарын яам үзэж байна.


Зөвлөлдөх уулзалтад Монголын ГХЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, ГЕГ, МХЕГ-ын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ЕХ-ны Төлөөлөгчийн газрын тэргүүн Элчин сайд, Европын Комиссын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтнууд мөн Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн багийн төлөөлөл 30 орчим хүн оролцлоо.
 

Холбоотой мэдээ