Сумдын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад урамшуулал олгох хуулийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-22 17:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийв. Тэрбээр, УИХ-ын чуулганы 2017 оны 6 дугаар сарын 9-ний нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2017 оны оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Уг хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад онцгой албаны, цэргийн цолны, төрийн тусгай алба хаасан хугацааны, хоригдолтой ажилласны зэрэг нэмэгдлийг олгож байгаа.

Гэвч  өнөөгийн нийгмийн амьдралын нөхцөл байдлаас хамааран тэтгэмж, цалин хөлсийг нэмэх шаардлага байсаар байна. Аймгийн төвөөс алс нутагт байрладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс орон нутагт ажиллаж буй алба хаагчийн нийгмийн баталгаа дордох нөхцөл үүсээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажлыг хэтийн болон богино хугацааны төлөвлөлттэй уялдуулан үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

Гэхдээ нийгэм, эдийн засгийн байдал, хорих ял эдлэгсдийн тооны өсөлт, хорих анги, байгууллагын ачаалал нэмэгдэж байгаагаас шалтгаалж алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байна.

Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба хаагч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшил олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага үүсэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан" гэв.


Хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгохоор тусгажээ. Эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшилд 6.2 тэрбум төгрөг цаашид жил бүр 2.3 тэрбум төграг шаардлагатай бөгөөд үүнийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 82,4 хувь дэмжив.

Холбоотой мэдээ