Эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-23 15:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "КОВИД-19"-ийн эмчилгээ, эмнэл зүй, тархвар судлалын талаар Эрүүл мэндийн сайд болон Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг сонсов.


Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бөгөөд “Цар тахалтай тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавихүүрэг бүхий Түр хорооны дарга Б.Баттөмөр тус хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар товч мэдээлэл өглөө.


Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын өнөөгийн байдал, вакцинжуулалт, түүний үр нөлөө, нөөцийн бэлэн байдал, халдварын прогноз, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр нийт өвчлөлийн тохиолдолд хүүхэд болон жирэмсэн эхчүүд халдвар авах нь нэмэгдэж буйг онцлоод нийт өвчлөлийн 23.3 хувьд 5-17 насны хүүхдүүд халдвар авсан байна гэлээ.  Мөн одоогоор улсын хэмжээнд 27000 эмнэлгийн ортой бөгөөд цаашид 2000 ор, үүний дотор эрчимт эмчилгээний 100 ор гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байгааг онцлов. Түүнчлэн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносноос хойш өвдсөн хүмүүс нийт өвчлөлийн 1.01 хувийг эзэлж байгаа нь вакцин үр дүнтэй байгааг харуулж байна гэв.


Тэрбээр, "Хөл хорио тогтоох тухай Эрдэмтдийн зөвлөл санал гаргасан. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комисс яриагүй" хэмээгээд албан байгууллагууд ажилтнуудаа ээлжээр ажиллуулах зэргээр бөөгнөрлийг багасгах нь цар тахалтай тэмцэхэд үр дүнтэй болохыг тэмдэглэв.


Үргэлжлүүлэн Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, судлаач, доктор Т.Бэгзсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр эмнэлгүүдийн ачаалал ирэх долдугаар сарын эхний долоо хоногт өсөх хандлагатай байна гэлээ. Мөн нас баралт долдугаар сарын эхэн үед өдөрт 15 хүрэх тооцоолол гарч байна гэв. Мөн 10, эсвэл 16 хоног хөл хорио тогтоовол халдварын тоо буурна гэсэн тооцооллыг танилцууллаа. 


Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Д.Батлут, Б.Баярсайхан, М.Оюунчимэг, П.Анужин.Б.Баттөмөр нар асуулт асуув. УИХ-ын гишүүд нөхцөл байдал хүндэрч, халдвар нэмэгдэж байгаа шалтгаан, Орхон аймагт “Делта” вирус гарсан эсэх, халдвартай тэмцэж буй дэлхий нийтийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх боломжийн талаар тодруулав.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахалтай үргэлжлүүлэн тэмцэхэд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон гэдгийг хэллээ. Мөн Эрдэнэт хотод "Делта” вирус гарсан эсэхийг тогтоогоогүй хэмээгээд халдварын эмчилгээнд хэрэглэж буй эмүүдийг одоогоор хөнгөлөлттэй үнэтэй эмийн жагсаалтад оруулах боломжгүй байна гэлээ. 

Холбоотой мэдээ