“Гацуурт” ХХК-ийг АТГ-аар шалгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-06-27 18:20:48

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ахмад тариаланчдад өгсөн 50 га газрыг сумын ЗДТГ хувийн компаниудад худалдсан гэж тус сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Сумын Засаг дарга Ц.Алтангэрэл 2013 онд аж ахуйн нэгжээс хурааж авсан 1694.1 га газрыг атрын нэг, хоёрдугаар аянд ажиллаж байсан 34 ахмад тариаланчдад олгож гэрчилгээ гардуулж байжээ. Дараа жилээс нь 10 гаруй өрх тариалалтаа эхлээд байсан ч 2015 онд хууль бусаар газар өмчлүүлсэн гэсэн шалтгаанаар Засаг дарга Ц.Алтангэрэлийг ажлаас нь чөлөөлжээ. Улмаар Хөдөлмөрийн баатар, гавьяат зэрэг цолтой хүмүүсээс бусдынх нь  газрыг буцаан авч аж ахуйн нэгжүүдэд олгожээ.

Газраа алдсан иргэдийн хувьд эсэргүүцэж өлсгөлөн суулт зарлаж шүүхэд хүртэл хандсан ч амжилт олоогүй бөгөөд 3 шатны шүүхээс иргэдэд олгосон гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.

Дархан-Уул аймгийн  Хонгор сумын иргэн П.Сүрэнхорлоо, “Манай суманд ажлын байр хомс байдгаас амьжиргааны түвшин муу. Уг нь энэ газрыг олгосноор олон хүний орлого нэмэгдэх байсан. Гэтэл иргэдэд өгсөн газрыг “Гацуурт” ХХК болон "Ургамал" эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлсэн. Бид газраа буцааж автал тэмцлээ үргэлжлүүлнэ. Сумын Засаг дарга болон холбогдох бусад хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэв.

З.Эрэвгийлхам

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ