“Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-29 15:51:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай Гадаад харилцааны яаманд уулзлаа.


Уулзалтын эхэнд Сайд З.Мэндсайхан ноён Петер Сияяартод хандаж биечлэн уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийн ажлынг шийдэх тухай санал солилцов.
 
Унгар Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж буй "Биокомбинат" ТӨХХК-ийн шинэчлэлийг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд буюу гэрээний дүнг өөрчлөхгүйгээр төлөвлөсөн хугацаанд дуусгахыг дэмжиж, 8 дугаар сард багтаан төслийн барилга угсралтыг шуурхай эхлүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн юм.
 
Түүнчлэн Унгар Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлэх төслийг дэмжин бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох уулзалт, хурал семинар зохион байгуулах саналаа сайд З.Мэндсайхан илэрхийлснийг ХХААХҮЯ мэдээлэв.


Тэрбээр, 2023 он дуустал үргэлжлүүлэх Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн, албан хаагч, оюутан залуусыг сургахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа дурджээ. 

Холбоотой мэдээ