Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг аймаг, орон нутагт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-29 17:02:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын баталсан журмын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч нарын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэгийг амжилттай зохион байгууллаа.


Улаанбаатар хот, Төв аймагт байрлах Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад түвшин тогтоох үзлэгийг амжилттай зохион байгууллаа.Харин аймаг, орон нутагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудын түвшин тогтоох үзлэгийг энэ сарын 19-нөөс Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас эхэлсэн.


Одоогийн байдлаар Зэвсэгт хүчний 28 нэгтгэл, анги, байгууллагууд, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар бүрэн хамрагдаад байна.


Аймаг, орон нутагт байрлаж буй Зэвсэгт хүчний анги, салбарууд энэхүү үзлэгт өндөр ач холбогдол өгч, бие бүрэлдэхүүнээ бэлтгэн, идэвх, санаачилгатай хамрагдаж байгааг үзлэгийн дүнгээс харж болно.




Үзлэгт офицер, ахлагч нарыг бүрэн хамруулан түвшинг нь бодитоор тогтоох зорилгоор алслагдсан тусгай салбаруудад хүрч, хүн нэг бүртэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, үнэлэлт, дүгнэлт өгч байгаагаараа онцлогтой болж байна. Мөн анги, байгууллагын үйл ажиллагааг үнэлж, дүгнэхээс илүүтэй хувь хүнийг үнэлж, дүгнэн, ямар түвшинд байгаа болон алдаа, дутагдал, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах чиглэлийг тайлбарлан таниулж байгаагаараа онцлогтой.


Түүнчлэн офицер, ахлагч нарын албандаа хандах хандлагыг өөрчлөх, үүрэг, хариуцлагыг нь ухамсарлуулах, цэргийн алба хаагчдад тавигдаж буй шалгуур, шаардлагыг таниулах ажлыг харилцан ярилцлага, дүн гаргах явцад хэрэгжүүлж байна.


Бие бүрэлдэхүүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулан эмх журамтай, сахилга баттай хамруулах нь цаг хугацааг хэмнэж, чанартай үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг бүрдүүлдэг юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 186 дугаар анги биеийн тамирын шалгалт авах байр, талбайгаа сайтар бэлтгэсэн, Зэвсэгт хүчний 330 дугаар анги ажлын хэсгийн бүрэлдэхүүний ажиллах орчин нөхцлийг нь сайн бүрдүүлсэн, Зэвсэгт хүчний 110 дугаар анги бие бүрэлдэхүүнээ сахилга, зохион байгуулалт сайтай хамруулсан зэрэг сайн талуудыг нь онцлох учиртай.




Түвшин тогтоох үзлэгийн цар хүрээ нэмэгдэж, ангиудаас гадна алслагдмал тусгай салбаруудыг үзлэгт бүрэн хамруулах, тогтоосон хугацаанд нь үзлэгийг дуусгах шаардлагын үүднээс амралтын өдөр, ажлын цагаар хязгаарлахгүйгээр илүү цагаар ажиллуулж байгаа юм.


Цаашид офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг баруун аймгуудад байрлах Зэвсэгт хүчний анги, салбаруудад үргэлжилнэ.

Холбоотой мэдээ