Байгаль орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-08-05 10:10:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК энэ оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд Дорноговь аймгийн нутагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн газарт орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Ногоон титэм” ХХК төслийн барилга-угсралт, бүтээн байгуулалтын үе шатанд нөлөөлөлд өртөж буй байгаль орчны бүрдэл хэсгүүд буюу агаарын чанар, дуу шуугиан, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, гадаргын усанд хяналт-шинжилгээ хийх цэгүүдийн байршил, дээж авах үзүүлэлтүүдийг тогтоолоо.


Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, орчны төлөв байдалд үзүүлж буй өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянахад Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр ач холбогдолтой аж.


Төслийн бүх үе шатанд байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлж байгааг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК цахим хуудаснаа мэдээлжээ.


 

Холбоотой мэдээ