Дүрэмгүй хотыг цэгцлэх эхлэл

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-25 15:24:31


Улаанбаатар хот анх удаа хуулинд заасан стандарт, дүрэмтэй болж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн замбараагүй төлөвлөлт, төвлөрөл, түгжрэл дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болно. Олон асуудал шийдэгдэлгүй даамжирсан, ердөө гурав дөрөвхөн жилийн дараа авто зам дээрх машинууд явган хүнтэй ижил хурдаар зорчих, явган хүн алхах замгүй болчихоод байгаа энэ үед хот төлөвлөлтийн алдаа завхралыг зоригтой засаж залруулах шаардлага тулгараад байна.


Иргэдийн тайван, аюулгүй амьдрах нөхцөл аль хэдийнээ алдагдаад буй Улаанбаатрын эдгээр болон бусад тулгамдсан асуудлыг шийдэх зүй ёсны шаардлага аль эрт бий болсон билээ. Харин шийдэхийн тулд хууль эрхзүйн чадамж сайтай, хуулийн дагуу зохицуулахад элдэв маргаан гардаггүй байх боломжтой болгох хэрэгтэй байсан. 


Үүнээс өмнө Улаанбаатар хот огт хууль дүрэмгүй ч байсангүй. 1994 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулж ирсэн юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот 500 гаруй мянган хүн амтай байхад баталсан хуулийг 1.5 сая хүнтэй болсон энэ үед ашиглах ямар ч боломжгүй болоод байв.


Хотын эрх зүйн байдлын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх асуудлыг арав гаруй жил ярьсан. Энэ жил хуулийн шинэчлэл хийж 2022 оны нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдөх боломжтой болох нь.  Хуулиар зохицуулах боломжгүй асуудлыг дүрмээр зохицуулах боломж бий болж байгаа. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйг үндсэн хуулинд тодорхой заасан байдаг ч энэ эрх нь өдөр тутам зөрчигддөг болоод удсан нийслэлчүүдийн саналыг хотын дүрэмд тусгаж  боловсруулахаа ч мөн хотын удирдлага мэдэгдсэн. Хот суурины хүмүүсийн харилцаа, үйлчилгээний соёл, замын хөдөлгөөний соёл, аж төрөх орчны соёл гэх мэт хуулиар зохицуулдаггүй харилцааг иргэдийн санал оролцоотойгоор дүрэм журамтай болгодог зарим улсын туршлага манайд тун их хэрэгтэй байгаа. Тийм ч учраас иргэдийн саналыг дүрэмд тусгахаар болж байна. Нэг үгээр хэлэхэд нийслэл Улаанбаатар хотод иргэд дүрмийн дагуу аж төрөх ёстой болох юм.


Шинэчилсэн хуулиар хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, нийслэл хотын хөгжлийн сантай болох, үнэт цаас гаргах зэрэг төсвийн орлогоо бүрдүүлэх олон эх үүсвэртэй байхаас гадна төсвийн орлогыг хот өөрөө бие даан захиран зарцуулах эрхтэй болох юм. Хот эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломж, чадамжтай байх нь мэдээж маш чухал. Үүнээс гадна нийслэлийг олон төвтэй хот болгох, дагуул хоттой, эдийн засгийн тусгай бүстэй болгох зэрэг асуудлуудыг хуульд тусгана.


Автозамын түгжрэл, агаар, хөрсний бохирдол ихтэй, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж гэж бараг үгүй болсон энэ үед асуудлыг уг үндсээр нь үе шаттайгаар шийдэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Хотын хууль чухал үүрэгтэй. Үүгээр алдагдсан хот төлөвлөлт, стандарт, дүрэм журамгүй төвлөрөлөөс болж хотжилт гэхээсээ илүүтэй хүмүүсийн эмх замбараагүй бөөгнөрөл үүссэн байдал цэгц журманд орох эхлэл тавигдах юм.


Мөн түүнчлэн барилга байгууламж, автозамын стандартыг шинэчлэлгүй удсан, нийтийн тээврийн чанар, хүртээмж муу зэрэг түгжрэлд нөлөөж байгаа олон асуудлыг цэгцлэн сайжруулах шаардлага бий. Нийслэлчүүд зөвхөн түгжрэлээс шалтгаалж сүүлийн арав орчим жилийн  хугацаанд 11.8 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсөвтэй тэнцүү хэмжээний алдагдал хүлээсэн байдаг. Жилдээ 70-80 мянган автомашин нэмэгдэж байна гэсэн судалгаа бий.  Энэ байдлаараа 2025 хүртэл явбал 25 орчим их наяд төгрөгийн алдагдал хүлээж тээврийн хэрэгслийн хурд явган хүнийхтэй ижил болох тооцоо ч гарсан. Улаанбаатар хотын нийт автозамын 40 орчим хувь нь маш муу гэсэн үнэлгээ авсан байдаг бөгөөд цаашид зам засварын ажлыг дүүрэг тус бүрт нь хариуцуулдаг болох төлөвлөгөө ч яригдаж байна. 


Хотын нөхцөл байдлыг дордуулж байгаа хамгийн гол асуудал бол замбараагүй газар олголт, зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, түүнийг тойрсон авлига гэх мэт маш олон маргаантай асуудал. Энэ бүхнийг хуулийн дагуу шийдэхийн тулд ирэх оны нэгдүгээр сарын 1-ий хууль хэрэгжиж эхлэх хугацааг хүлээх хэрэгтэй болж байна. Одоогийн хуулиар зохицуулж болох зөвшөөрөлгүй барилга байгууламжуудыг цэгцэлж эхэлсэн нь хот өнгө төрхөө засаж, эмх замбараатай болох найдвар төрүүлэх болсон.


Түгжрэл, төвлөрөлд нөлөөлдөг байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, дагуул хотыг байгуулж хөгжүүлэх замаар Улаанбаатрын ачааллыг бууруулах чиглэлээр олон жилийн турш олон ажил хийгдэж, төсөл хөтөлбөр яригдаж байсан ч дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Тулгамдсан олон асуудлыг нэгмөсөн шийдэх боломжгүй ч гэлээ  юуны өмнө хууль эрх зүйн орчин сайжирч бүрдэж байгаа нь сайн хэрэг. Алдаа, гажуудлыг суурь үндсээр засаж сайжруулалгүй даамжруулснаас үүдэн өнөөдрийн асуудал дүүрэн хот бий болсон. Улаанбаатар хотын захирагч хотын төвд  барилга байгууламж барих ажлыг тодорхой хугацаанд зогсоох тухай захирамж гаргахаа ч мэдэгдээд байгаа.


Өөрийн боломжит чадамжаасаа хэд дахин илүү ачаалалтай болоод удсан нийслэл хотын төлөвлөлтийн алдаа өнөөдөр аюулт хот гэгдэхэд хүргэсэн. Агаар, ус, орчин, дууны бохирдол гэх мэт нь аль хэдийнээ иргэдийн амьдралын чанарт сөрөгөөр нөлөөлөх хэмжээнд очсон хотыг эмх цэгцтэй болгож нэгдсэн стандарттай, хүнрүүгээ чиглэсэн ээлтэй бодлогоор зоригтой шинэчлэлт хийх цаг болсон. Хэрэв одоо алгуурлаж цаг алдвал нийслэл хот үндсэндээ амьдрахад хамгийн их эрсдэлтэй нөхцлөөсөө салах аргагүй болох нь тодорхой. Хэдийгээр цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулалт, төсвийн боломж бололцоо хумигдсан ч байгаа нөөц бололцоогоо ашиглан засаж сайжруулах ажлаа яаралтай эхлүүлэх шаардлагатай.


Өргөн уудам газар нутгийнхаа ердөө 0.3 хувьд байршдаг, хүн амын тал нь амьдардаг хотыг тэлэх, дагуул хот байгуулах асуудал хэдийгээр чухал ч юуны түрүүнд хот доторх засаж болох замбараагүй төлөвлөлт, төвлөрлийг цэгцлэхийг хотын иргэд юу юунаас илүү хүсч хүлээж байгаа. Амьдрах таатай орчин, аюулгүй нөхцөл байдал алдагдсан стандарт бус хотод дорвитой томоохон зохион байгуулалт, зоригтой шийдэл дутагдаж байсан. Ийм үед хотын хуулийг шинэчлэн боловсруулах, дагуул хот, төвлөрөл түгжрэлийг шийдэх гэх мэт онцгой шаардлагатай асуудлыг сүүлийн үед эрчимтэй ярьж байгаа нь нийслэлчүүдэд хот сайхан болох итгэл төрүүлж буй юм.  

 

Холбоотой мэдээ