Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” болгох Ажлын хэсэг хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 11:33:16

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” байлгахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шуурхай бүлэг, ажлын хэсэг энэ сарын 30-нд  цахимаар болон танхимаар хуралдлаа.

Аймгийн Засаг дарга О.Батжаргал энэ үеэр Ханги хилийн боомтоор тээвэрлэх ачаа тээврийн тоог нэмэгдүүлэх, терминал тээвэрлэлтийг нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх зориулалтын байгууламж байгуулах зэрэг ажлын явцтай танилцсан байна.

Ханги хилийн боомтыг “Ногоон бүс” болгоход хилийн бүсэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлдэг нөхцөл байдлыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах, ачаа тээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тус боомтод ариутгалын пунктийг ашиглалтад оруулах, зам дагуу тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, замын дагуу гортиг татах, аж ахуйн нэгжүүдийн тусгаарлан ажиглах байрны стандартыг хангуулах зэрэг ажлыг  төлөвлөн гүйцэтгэж байгаа  аж. 

Аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчаар ахлуулсан таван байцаагчийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг энэ оны наймдугаар сарын 04-07-нд тус боомтод гүйцэтгэлийн болон халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. 


Холбоотой мэдээ