Боловсролын байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-03 13:55:48

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Боловсролын газар 2021-2022 хичээлийн жилийн бага хурлаа хичээл эхлэхийн урд өдөр онлайнаар зохион байгуулжээ. Бага хуралд Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх байгууллагын удирдлага, багш нарын 152 хүнийг оролцуулан зохион байгуулсан байна. Хуралд БСУГ-ын хэлтсийн дарга Д.Алтангэрэл “2021-2022” оны хичээлийн жилийн зорилго, зорилтын тайлан”, хэлтсийн дарга Ж.Дэнсмаа “2021-2022” хичээлийн шинэ жилийн бэлтгэл, бэлэн байдал”, Газрын дарга З.Мөнхтогтох “2021-2022 оны хичээлийн жилийн зорилго, зорилт” танилцуулан, оролцсон багш нарын 100 хувийн саналаар 2021-2022 оны хичээлийн жилийн зорилго зорилтоо баталжээ. Мөн хуралд мэргэжлийн хяналтын байгууллагаас оролцож, хичээлийн бэлтгэл, хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах зөвлөмж, чиглэл өгсөн байна.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2021-2022 оны хичээлийн жилд “Хүүхдийн хөгжлийг дэмжих, суралцахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, амжилттай суралцахад бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангаж хичээл, сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах” зорилгыг дэвшүүлж, зорильоо тодорхойлсон байна.  Зорилтод:

-Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үед сургалтын байгууллага бүр хичээл, сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэх бэлэн байдлыг хангах, цахим хичээлийн сан болон идэвхтэй суралцах, суралцагчийн бие даан ажиллах үйлийг дэмжсэн дасгал, даалгаврын сан бүрдүүлж ажиллах,

-Дижитал технологийг хичээл, сургалтын үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл болгон хөгжүүлэх, түүнийг үр дүнтэй ашиглахад багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг чиглүүлж, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх,

-Хүүхэд бүрийн онцлог, ялгаатай хэрэгцээнд тулгуурлан сурах, хөгжих үйлийг дэмжиж хичээл, сургалтын үйл ажиллагаанд тэдгээрийн оролцоог тэгш хангах, хамтран суралцах соёлыг төлөвшүүлэх,

-Хичээл, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг асуудалд бүтээлчээр хандах, шийдлийн эрэл хайгуул хийх, учир шалтгааныг илрүүлэх, асуудал шийдвэрлэх, үнэлгээ, дүгнэлт хийх үйлд чиглүүлэх,

-Суралцагч бүрийг боловсролд тэгш хамруулах, сургууль завсардахаас сэргийлэх, айдас түгшүүр, сэтгэлийн зовнил, стрессгүйгээр суралцах, хөгжихөд дэмжлэг үзүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах зөв дадал хэвшил болгох үйл ажиллагааг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үр дүнтэй зохион байгуулах,

-Багш, ажилтанд стрессээс сэргийлэх сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, ажлын байранд эерэг уур амьсгал бүхий байгууллагын соёлыг бүрдүүлэх,

-Хичээл, үйл ажиллагааг улирлын байдлаас үл хамааран гадна орчинд зохион байгуулах боломжийг бүрдүүлж, хэрэгжилтийг хангах,

-Дунд, ахлах ангийн ангийн суралцагч ажил мэргэжлийн чиг баримжаатай болох, мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зорилтод арга хэмжээг сургууль бүр төлөвлөн үр дүнтэй хэрэгжүүлэх,

-Цэцэрлэг, сургуулиуд өөр хоорондоо хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн харилцан туршлага солилцох, багшийн болон сургалтын орчны нөөцөд тулгуурлан хичээл, сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах замаар үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах,

-Цэцэрлэг , сургуулийн үйл ажиллагаа, хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжихэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх зэргийг дэвшүүлж, баталсан байна.   

Мөн багш, сурагч, эцэг эхийн хамтын ажиллагаанд тулгуурласан хосолсон сургалтын хэлбэрийг нэвтрүүлж, хичээл, сургалтын үйл ажиллагаанд бие даан суралцах арга зүйн хэлбэрүүдийг дэмжин хэрэгжүүлж, хоцрогдлыг нөхөх, арилгах үйлд дэмжлэг үзүүлнэ. Боловсролын шатлал бүрт хүүхдийн хөгжлийг дэмжсэн СӨБ-Тэгш боломж, ном, авъяас, миний ирээдүй гэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

Зорилтын хүрээнд сургалтын байгууллага бүрт цахим платформыг бий болгож хөгжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэдээлэл харилцааны технологид суурилсан, бие даан суралцахуйг дэмжсэн арга зүйгээр дамжуулан сургалтын чанар, үр дүнг сайжруулах, сурагчид өөрийгөө үнэлэх зорилготойгоор бие даан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБС-д жишиг даалгаврын, сургуулийн өмнөх боловсролд бага насны хүүхдийн ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшлийн чиглэлээр цахим санг бүрдүүлж хэрэглээнд оруулна гэжээ.

ЕБС бүрт явцын үнэлгээний цахим систем, арга зүйг буй болгон хэрэглээнд оруулах замаар хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж багшийг ажлын байрандаа хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих аж.

Холбоотой мэдээ