Л.Байгальмаа: Сургууль, цэцэрлэгийн тандалтын багууд сайн ажиллах нь эрүүл мэндийн байгууллагад маш том дэмжлэг болж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-21 15:46:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагаа болон халдварын нөхцөл байдлын талаар аймгийн БСУГ-ын дарга Л.Байгальмаагаас тодрууллаа.

-Яг өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаа болон халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө манай мэргэжилтнүүд бүх сургууль, цэцэрлэгүүдээр явж ажиллан, тандалт судалгааг хийсэн. Гэхдээ хичээлийн шинэ жил эхэлснээс хойш багагүй өөрчлөлтүүд орсон. Одоогоор сургууль, цэцэрлэг дотооддоо халдвар тархсан тохиолдол байхгүй. Үүнийгээ л хадгалж үлдэхийн тулд байгууллага болгон дээр ажиллаж буй тандалтын баг бүлгүүд үйл ажиллагаагаа илүү сайжруулж байна.

Сүүлийн өдрүүдэд аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрч, шинэ тохиолдол олноор нэмэгдэж байгаатай холбоотойгоор яг гэр бүлийн хүрээнээс халдвар авах багш, сурагчид цөөнгүй байна. Тиймээс бидний зүгээс сэжигтэй тохиолдлыг маш хурдан мэдээлэх, өөрөөр хэлбэл эрсдэлтэй гэж үзвэл сургууль, цэцэрлэг рүү ирүүлэхгүй байх, бусдадаа мэдээллээ шуурхай өгдөг байх ийм дадлыг хэвшүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

Яг сургуулийн орчинд багшаас багшид, хүүхдээс хүүхдэд халдвар халдсан тохиолдол байхгүй. Харин Асгат сумын дотуур байранд найман хүүхэд халдвар авсан. Одоогоор зохих арга хэмжээг авч, байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, халдвар авсан хүүхдүүд эмчлүүлж байгаа. Мөн Баруун-Урт, Эрдэнэцагаан сумын цэцэрлэгт багшаас багшид халдварласан тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол яг хичээл эхлэхийн өмнө байсан учир өнгөрсөн хугацаанд эмчлүүлээд ажилдаа ороод байна.

-Энэ хичээлийн жилд хэчнээн сургууль, цэцэрлэг ажиллах вэ? Танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа юу?

-Манайх 16 сургуультай. Үүнээс 50 хувь нь буюу аймгийн төвийн дөрвөн сургууль болон Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумын сургуулиуд 5/9 хөтөлбөрөөр хичээллэж байна. БШУЯ-наас гаргасан энэхүү журмыг маш сайн хувилбар гэж бид харж байгаа. Учир нь тав хоног танхимаар хичээллээд, ес хоног цахимаар хичээллэх энэ үед тухайн багш, сурагчид эрсдэл бий боллоо гэж үзвэл ес хоногийн хугацаанд зохих арга хэмжээг авч, бусдыг эрсдэлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

Харин үлдсэн найман сургууль нь бүгд танхимаар хичээллэж байна. Ингэхдээ шаардлагатай тохиолдолд ангиар нь цахимд шилжүүлэх зохицуулалтуудыг тухай тухайн үедээ хийгээд явж байгаа. Жишээлбэл, энэ долоо хоногт Асгат, Наран сумын сургуулиуд бүрэн цахимд шилжээд байна. Цэцэрлэг 24 байдаг. Цэцэрлэгүүд бүгд 100 хувь танхимаар хичээллэж байгаа. Ганц нэг цэцэрлэгт ангийг нь түр хугацаагаар цахимд шилжүүлсэн тохиолдол гарсан.

-Ирц ямар байна?

-Ирцийн хувьд ЕБС-ууд танхим болон цахим сургалт нийлээд 94 хувьтай байна. Цэцэрлэгүүдийн хувьд ирц харилцан адилгүй байгаа. Эцэг эхчүүд ерөнхийдөө нөхцөл байдлыг ажигласан, хүлээлтийн байдалтай байна. Одоогоор СӨБ-ын хамрагдалт танхим болон цахим нийлээд 70 хувьтай байна. Цахим сургалтын үед сургууль, цэцэрлэгүүд ихэвчлэн гарын авлагад тулгуурлаж сургалтаа явуулж байна.

-Багш нарын ачаалал мэдээж нэмэгдсэн байх?

-Тэгэлгүй яахав. Манай багш нар үнэхээр их ачаалалтай ажиллаж байгаа. Цахим сургалт танхимын сургалтаас илүү ажиллагаатай байдаг. Хичээлээ бэлдэхээс эхлээд хүүхэд бүрийг  хамруулахыг зорино. Тэгэхээр танхимын сургалтын хугацаанд эцэг эхчүүд багш нарынхаа ажлыг дэмжиж, маш сайн хамтрах хэрэгтэй. Яг ийм халдварын нөхцөл байдлын үед эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг үнэхээр хэрэгтэй байдаг. Багш ганцаараа хүчин чармайгаад байлаа ч эцэг эхчүүд хүүхдийнхээ хүчээлээ хийх боломжийг бүрдүүлэхгүй, хамтрахгүй л бол үнэхээр хэцүү. Тиймээс бид цаашид аль болох танхимын сургалтын хамрагдалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Өдрөөс өдөрт танхимын сургалтын ирц нэмэгдэж байгаа. Тэгэхээр ирэх долоо хоногоос ирцийн үзүүлэлт ахина гэж бодож байна.

-ЭМГ-ын мэдээгээр дархлаажуулалтад болосвролын салбарынхан хамгийн идэвхтэй хамрагдаж байсан. Урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн хийж байна?

-Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр манай салбарын нийт багш, ажилчдын 62 хувь нь дархлаажуулалтынхаа гурав дахь тунд хамрагдаад байна. Мөн Сүхбаатар аймгийн хэмжээнд 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулснаас хойш энэ насны хүүхдүүд халдварт өртөх нь эрс багассан. Харин вакцингүй буюу 5-11 насны хүүхдүүд халдварт өртөх нь элбэг байна. Тиймээс газрын зүгээс яамны бодлогыг хэрэгжүүлэхээс гадна өөрсдийн санал санаачилгаар урьдчилан сэргийлэх ажлуудыг сургууль, цэцэрлэгүүдтэйгээ хамтран хийж байна.

Сайн жишээг дурдвал, Баруун-Урт сумын нэгдүгээр сургууль түргэн оношлуурын сан бүрдүүлэх ажлыг хийж байгаа. Мөн тусгаарлах өрөө танхимаа өөрсдийн хүчээр тохижуулах, тандалт судалгааны багаа чадавхжуулах ажлуудыг санаачлан хийж байна. Ер нь манай боловсролын байгууллагуудад дээрх тандалтын багууд маш сайн ажиллаж байгаа.

Мөн өнгөрсөн долоо хоногт яамнаас ариутгал, халдвар хамгааллын бодисын төсвийг шийдвэрлэж өгсөн нь урьдчилан сэргийлэх ажилд их дэмжлэг болж байна. Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд боловсролын салбарын багш, ажилчдын 66 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Ер нь нөхцөл байдал хаа сайгүй хүнд байгаа. Тиймээс боловсролын салбарынхан вакциндаа идэвхтэй хамрагдаж, урьдчилан сэргийлэх оношилгоог хийлгэн, өөрсдийгөө болон сурагчдаа хамгаалж эрүүл мэндийн салбарынханд хүндрэл учруулахгүйг хичээж байна. Мэдээж халдвар авсан багш, ажилчдыг 14 хоног тусгаарлаж, ажлаас нь чөлөөлөх зарчмаар ажиллаж байна.

-Тандалтын багууд сайн ажиллана гэдэг эрүүл мэндийн байгууллагынхан болоод аймгийн Шуурхай штабын ажилд маш том дэмжлэг болж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Ер нь халдвар орон нутагт бүртгэгдсэнээс хойш хичээл эхлэх хүртэл манай салбарын багш, ажилчид сумдынхаа Онцгой комисс, Шуурхай штабт хүч болон ажиллаж байсан. Эргүүл постод гарах, тандалтын баг, шинжилгээний цэгт ажиллах гээд бид үнэхээр эрүүл мэндийн салбарынхандаа хувь нэмрээ оруулж чадсан гэж бодож байгаа. Одоо бол бид яг өөрсдийн дотооддоо халдвар тархаахгүй байхад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногоос бүх хүүхдийг QR кодтой болгож, ашиглаж эхлээд байна. Энэ бас манай багш, ажилчдын ажлыг ихээхэн хөнгөвчилж байна гэж харж байгаа.

-Нөхцөл байдал хаа хаанаа хүндхэн байгаа ч боловсролын салбарын хаалгыг барихгүй гэсэн бодлогыг БШУЯ барьж байгаа. Таны хувьд ирээдүйг хэрхэн харж байна?

-Мэдээж өөдрөгөөр харж байна. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч бид зэрэгцээд амьдрахаас өөр арга байхгүй. Үүний тулд гэр бүлийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүр олж авч, өөрсдийгөө хамгаалахад суралцах хэрэгтэй. Ер нь хүүхдүүд яг сургууль цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж байгаа. Хичээл дуусаад байрнаас гараад л нөгөө дэглэмээ ягштал мөрдөхгүй байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээр маш сайн анхаараасай, нөгөө талаар бид хүүхдүүдээр дамжуулж эцэг эхчүүдэд зөв дадлыг хэвшүүлэхийг зорин ажиллаж байна.

-Яг энэ цаг үед боловсролын салбарт тулгарч байгаа хүндрэл юу байна?

-Одоо бидэнд тулгарч байгаа гол асуудал сургууль, цэцэрлэгийн эмчийн асуудал үнэхээр хүнд байна. Аймгийн төвийн дөрвөн сургууль, хэдхэн цэцэрлэг л эмчтэй. Сумдын сургууль, цэцэрлэгүүд бүгд эмчгүй. Уг нь халдварын энэ цаг үед бидэнд мэргэжлийн эмч хамгийн хэрэгтэй байгаа. Мэргэжлийн эмч авъя гэхээр аймагт боловсон хүчин ховор, бараг олддоггүй. Шинэ залуу төгсөгчид нь яг салбартаа ажиллахыг илүүд үздэг. Энэ нь цалин мөнгөний асуудалтай холбоотой байх. Гэвч бид болохгүй гээд бусдын гарыг хараад суух биш аль болох асуудлаа дотооддоо зохицуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ