АХБ: Эдийн засгийн сэргэлт хэврэг шинжтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 12:55:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөлөөнд автсан бүс нутгийн эдийн засаг дөнгөж сэргэж буй энэ үед дотоодын эдийн засаг, хөрөнгө оруулалтаа дэмжих боломж үүссэн ч сэргэлт жигд биш хэврэг шинжтэй байгааг Азийн хөгжлийн банкны тайланд онцлов.


Тус банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл, цаашдын төлөвийг өнөөдөр танилцуулсан юм.


Энэ үеэр АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд мэдээлэхдээ, “Манай улсын ДНБ өсөхөд уул уурхай, үйлчилгээний салбар голлох үүрэг гүйцэтгэлээ. Харин хөл хорионы улмаас хөдөө аж ахуйн салбар оны эхний хагас жилд агшсан. Мөн барилгын салбар ч хүнд хямралыг туулж байна. Бусад аж үйлдвэрийн салбарт өсөлт гарахгүй байгаа. Хөрөнгө оруулалт 2020 онд хасах үзүүлэлттэй байсан ч энэ онд эерэг болсон. Дийлэнхийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлж байгаа. Гэвч нүүрсний экспортын улирал энэ сард дуусах учир цар тахлын улмаас тээвэр саатсан нь санаа зовоож байна. Нүүрсний тээвэр 2020 оныхоос муу байгаа нь нүүрсний үнэ бидний тооцсоноос их болсон. БНХАУ эрүүл мэндийн төлөө хатуу бодлого явуулж байна. Бид харин чадсангүй. Хилийн боомтууд дахь тээврийн гацаа ч шийдэгдсэнгүй. Энэ оны сүүлийн саруудад уул уурхайн бүтээгдэхүүний үзүүлэлтүүд багасна” хэмээв.     


Түүнчлэн, хүнсний үнэ 14 хувиар нэмэгдсэн тул инфляцын дарамт 2022 онд ч үргэлжилнэ. Улсын төсөвт зарим эерэг өөрчлөлт гарлаа. Цар тахлын улмаас төсвийн алдагдал буурахгүй гэж тооцсон. Төсвийн бодлогоо эргээд хэвийн байдалд нь шилжүүлэх, алдагдлыг багасгах ажил ирэх онд ч үргэлжилнэ гэж АХБ-ны тайланд тэмдэглэжээ.


Түүнчлэн, цар тахлын халдвар, хил гаалийн нөхцөл байдал сайжирна гэж үзэн, Монгол Улсын эдийн засаг ирэх онд 6 хувиар нэмэгдэн, инфляц 8.5 хувь байна. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт огцом өсөхгүй, алгуур өснө гэж тайланд онцолжээ. 

Холбоотой мэдээ