Сайншанд суманд Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн цэг ажиллаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-09-27 16:21:35

Дорноговь /МОНЦАМЭ/.“Ковид-19” цар тахлын халдвар нэмэгдэж байгаа энэ үед Сайншанд суманд Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн цэгийг аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ажиллуулж эхэллээ.

Нийт 26 цэгт 78 сайн дурын идэвхтэн, эмнэлгийн мэргэжилтэн төрийн албан хаагч энэ оны есдүгээр сарын 27-ноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулж эрсдэлд орсон, хөнгөн өвдсөн, гэрийн тусгаарлалтад байгаа дам хавьтлыг хянах халдварыг тархаахгүй байх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай  хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 192 бүртгэгдэж шинжилгээгээр-33, түргэвчилсэн шинжилгээгээр-159 батлагдаж, өссөн дүнгээр халдварын тохиолдол 5059 болоод байна.

“Ковид-19” цар тахлын өвчинтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авахыг хүссэн хүн бүрт дээрх үйл ажиллагаа нээлттэй бөгөөд өдөр бүр 08.00-17.00 цаг хүртэл ажиллана.

Иргэдэд “Ковид-19” тар тахалтай холбоотой ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл харьяа багийнхаа хэсэгт утсаар холбогдон мэдээлэл зөвлөгөө авч өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах боломжтой.

Холбоотой мэдээ