Үндэсний баяр наадмаар 659 автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-07-06 13:50:29

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.

Өнөөдрөөс эхлэн хууль хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ.  Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өнцөг буланд буй камерийг ашиглах юм. Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгоно. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолыг шийдэж өгсөн бөгөөд баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үнэгүй үйлчилнэ. Долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах чиглэлд замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах юм. Мөн Railbus үнэгүй тээвэрлэлт хийхээр болжээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд  их багтаамжийн 654 зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 659 автобус иргэдэд үйлчилнэ.

Дүнжингарав худалдааны төв рүү энэ сарын 11,12-нд хотын зүүн болон хойд чиглэлээс нийт 24 чиглэлийн 159 их багтаамжийн автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт 8 чиглэлийн 55 их багтаамжийн автобус  үйлчилгээ үзүүлнэ. Мөн үндсэн замналаараа явж 120 мянгатын автобусны зогсоолд 146 автобус зогсон үйлчлэх юм.

Дүнжингарав худалдааны төв- Төв цэнгэлдэх- Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт  3 автобус, наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй долоон худаг руу 11,12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжны зогсоолоос, 07 дугаар сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  их багтаамжийн 20 автобус,  мөн 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”    5 цэгээс  тус бүр 4 нийт 20 микро автобус үйлчилнэ. Мөн энэ сарын 10,11,12,13,14-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг чиглэлд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчлэх юм. Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксийн 6 зогсоолоос таксийн үйлчилгээ иргэдэд үйлчилнэ. ЦЗГ-аас FM 96.3 радиогоор наадамчин олонд байнга мэдээлэл өгч байх юм. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

"А", "ДК" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6, давхрууддаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500 автомашины байрлуулах боломжтой.

"Г", "Шар-Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах "Сүрүга монгол" ХХК-ийн талбайд байрлах бөгөөд "Г" зөвшөөрөлтэй 1200 автомашин, "Шар Ү" зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1500 автомашины зогсоолд байрлана.

"Ж" Зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн нийт 60 автомашины багтаамжтай зогсоолд байрлана.

Хүй долоо худагт нийт 5700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс "Ж" зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100, "А" зөвшөөрөлтэй 100, "ДК" зөвшөөрөлтэй 100, Улаан "М" зөвшөөрөлтэй 100, Ногоон "Ү" зөвшөөрөлтэй 700, "Г",  цэнхэр "М" зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулах боломжтой. "Ж", "А", "ДК", Улаан "М" зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна. "Г", цэнхэр "М", ногоон "Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна. Улаан, цэнхэр өнгө бүхий "М, ногоон "Ү" зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт Шар "Ү" зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд "Ж", "ДК", "А", "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Холбоотой мэдээ