Япон, Франц “2+2” хэлбэрийн уулзалт хийнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-20 10:55:15

ТОКИО. /Kyodo/. Япон, Францын Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Францын Засгийн газар мягмар гарагт мэдэгджээ.


Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжуудын хэлснээр, “2+2” хэлбэрийн уулзалт Японы нийслэлд ирэх 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын эхэн үеийн хооронд болох магадлалтай байна.  


Ингэснээр Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан, Батлан хамгаалахын сайд Флоренс Парли нар 2019 оноос хойш ийм хэлэлцээ хийхээр анх удаа Токиод айлчлах төлөвтэй байна.


Япон, Францын Гадаад хэрэг, Батлан хамгаалах яамны төлөөлөгчид “2+2” хэлбэрийн уулзалтыг зохион байгуулах тухай ажлын түвшний хэлэлцээг мягмар гарагт Токиод хийжээ.


Энэ оны долоодугаар сард Японы Ерөнхий сайд асан Сүга Ёшихидэ, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар уулзаж, чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотолсон юм.


Мөн Японы Өөрийгөө хамгаалах хүчин тавдугаар сард алслагдмал арлуудыг хамгаалах чадавхиа дээшлүүлэх хамтарсан сургуулилалтыг АНУ, Австрали, Францын хүчнийг хамруулан явуулсан билээ. 

Холбоотой мэдээ