ДЭМБ: Өнгөрсөн долоо хоногт зөвхөн Европт халдварын тохиолдлын тоо өслөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-21 17:01:06

ЖЕНЕВ. /AP/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19” халдварын 2.7 сая орчим тохиолдол илэрч, 46 мянга гаруй хүн халдвараар нас барсан нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.


COVID-19”-ийн шинэ тохиолдлуудыг бүс нутгаар авч үзвэл, зөвхөн Европт л шинээр халдвар авсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос долоон хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Европ, Америкт халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан байна.


Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудаас АНУ-д халдварын хамгийн олон буюу 580 мянга гаруй тохиолдол илэрсэн ч үүнийг өмнөх долоо хоногийнхтой нь харьцуулахад 11 хувиар буурчээ. Европт илэрсэн халдварын тохиолдлуудын хувьд дийлэнх нь Их Британи, ОХУ, Туркт илэрсэн байна.


Харин Африк, Номхон далайн баруун хэсгийн орнуудад халдварын тохиолдлын тоо хамгийн ихээр буюу 18, 16 хувиар тус тус буурчээ. Мөн Африкт вакцины хомсдол үүсээд байгааг үл харгалзан халдвараар нас барсан хүний тоо ойролцоогоор 25 хувиар буурсан байна.


Европын хувьд халдварын тохиолдлын тоо гурван долоо хоног дараалан өсөж, 1.3 сая хүнээс халдвар илэрчээ. ДЭМБ-ын мэдээллээр, тус бүсийн орнуудын тэн хагасаас илүү хувьд нь өвчлөл нэмэгдсэн байна. Тухайлбал, Их Британи, ОХУ-д шинэ тохиолдлын тоо 15 орчим хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ