Нэгдсэн 30 дугаар чуулганд 280 гаруй хүүхэд оролцлоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-11-28 14:23:37

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, эко клубүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой хүүхдийн нэгдсэн 30 дугаар чуулган боллоо.

Энэ чуулганыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхдийн эрх” нэртэйгээр зохион байгуулсан. Аймгийн хүүхдийн нэгдсэн 30 дугаар чуулганыг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр явуулж, 24 сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд оролцлоо. Тодруулбал, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн 32 сургуулийн төлөөлөл 283 хүүхэд оролцсон. Мөн хүүхдийн өмнө үүрэг хүлээдэг төрийн байгууллагуудын төлөөлөл 144 насанд хүрэгч оролцов.

Чуулганаар хүүхдийн оролцох, хөгжих, хамгаалах эрхийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх. Хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, бодлого шийдвэртээ тусгах. Хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт ба хүүхдийн эрхийн талаар танин мэдэх, үе тэнгийнхэн болон гэр бүл, эргэн тойрны хүмүүстээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх. Эко клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, 2022 оны ажлын төлөвлөгөөг гаргах. Хүүхдийн эрхтэй холбоотой шийдвэр гаргахдаа хүүхдийн оролцоог хангах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. 

Мөн үеэр сургууль бүр хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээнд тулгуурласан хоёр минутын видео илтгэл бэлтгэн хэлэлцүүллээ. Илтгэлүүдэд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, орон нутгийн онцлог хэрэгцээ зэргийг тусгажээ. Хүүхдийн нэгдсэн 30 дугаар чуулганаас уриалга, зөвлөмж гаргаж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаас гадна орон нутгийн бодлого шийдвэрт тодорхой саналуудыг тусгуулахаар боллоо гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.






 

Холбоотой мэдээ