Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын нэрэмжит “Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг 12 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Биеийн тамир спортын хорооноос зохион байгууллаа.
Сорилд 13 сумын 140 тамирчин оролцсон бөгөөд хурд, уян хатан, тэнцвэр, хэвлийн таталт, гар дээр суниалт, уртын харайлт, тэсвэр зэрэг 7 төрлөөр өрсөлдлөө. Уг сорилыг 15-16 нас, 17-18 нас, 19-29 нас, 30-39 нас, 40-45 нас, +50 эрэгтэй +46 эмэгтэй гэх 7 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд багийн нийлбэр дүнгээр Баянхангай сум тэргүүн байр, Баян, Алтанбулаг сум удаах байрыг эзэлсэн байна.
Уг тэмцээний гар дээр суниалтыг 30 секундын хугацаанд хийж гүйцэтгүүлсэн бөгөөд дээд амжилт нь 40 байсан юм. Мөн хэвлийн таталтыг тус хугацаанд гүйцэтгэхэд 31 тоолуулсан дээд амжилттай
байна. Уртын харайлтад тамирчин байрнаас харайхад 2,43 метрт хүргэж байсан
бол уян хатан байдал дээр 63 см хүрч, тэнцвэрт байдал дээр хэмжээст цэгээс 11
см холдсон гэх мэт үзүүлэлттэй байжээ.
Энэхүү тэмцээний зорилго нь Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлигийг хэрэгжүүлэх, хүн амыг эрүүл амьдралын
хэв маяг, зан үйлд сургах, аливаа саад бэрхшээлийг даван туулах, бие сэтгэлийн
тэсвэр хатуулжилтай биеийн ерөнхий хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох
юм.