С.Оюунчимэг: Архи уусан хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй

ОРОН НУТАГТ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-07 22:41:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Сэтгэц, наркологийн эмч С.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Одоогоос 6-7 жилийн өмнө та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг “Түр хамгаалах байр”-нд байрлуулж эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан.  Энэ ажлыг анх эхлүүлэхэд хэцүү байв уу?

-Намайг БОЭТ-д сэтгэц наркологийн эмчээр ажиллаж байхад хүмүүс ирж зовлонгоо их ярьдаг байсан. Нөхөр маань намайг тэгж зодлоо, шөнө дунд хөөж гаргаад гадаа хонолоо гээд л. Үнэхээр өрөвдмөөр. Тэр бүгдийг сонсоход ийм хүмүүсийг хамгаалдаг, хонуулдаг, тайвшруулдаг газар байгаасай гэж боддог байсан. Тэгсэн удалгүй УИХ, Ерөнхийлөгчийн түвшинд ч хүмүүс яг ийм байр байгуулах тухай ярьж эхэлсэн.

Би ч аймгийн удирдлагуудтай нэг удаа санал солилцож суухдаа ийм хамгаалах байртай бол зүгээр байна гэхэд шууд л ажил хэрэг болгоё, олон хүн далд хүчирхийлэлд өртөөд хаачихаа мэдэхгүй явж байгаа гэж билээ. Ингэж Орхон аймаг бусад аймгаас хамгийн түрүүнд “Түр хамгаалах байр”-тай болж байсан. Түүнд хоёр эмч, хууль зүйн зөвлөгөө өгөх эрх зүйч, сэтгэл судлаач ажиллаж эхэлсэн. 2014-2019 онд  хүчирхийлэлд өртсөн 1000 гаруй хүнд хүрч ажилласан. Мөн биеэр ирэхгүй ч утсаар зөвлөгөө авдаг хүмүүс олон болсон. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны эмэгтэй, эрэгтэй хүүхдүүд ирдэг байсан. Тэдэнд урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байлаа.  Зарим хүмүүс  гаднаа тайван, жаргалтай мэт харагдавч  цаанаа гэр бүлийн хүчирхийлэлд удаан хугацаагаар өртөж шаналж, зовж байдаг. Тэдэнд туслах юмсан л гэж ажиллаж байлаа.

-Та ярилцлагын эхэнд саяхан үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг асрамжийн газарт түр байрлуулсан гэлээ. Ийм тохиолдол олон гардаг уу?

-Мэр, сэр гарна. Эцэг эх, асран хамгаалагч нь архинд донтсон. Хүүхдүүдээ огт хайхардаггүй, үл хайхрах хүчирхийлэлд байнга өртүүлдэг найман эмэгтэйд зөвлөгөө өгч эмчилж байна. Хүүхдүүдийг нь “Энэрэл” асрамжийн төвд өгсөн. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг нь шууд тэнд аваачдаг. Эцэг, эх нь засрахгүй бол 18 нас хүртэл нь байлгана. Хэрэв ээж, аав нь засраад хүүхдүүдээ авъя гэвэл өгдөг. Ийм тохиолдол ч өмнө нь хэд, хэдэн удаа гарч байсан. Ер нь гэр бүлийн хүчирхийллийг багасгая, таслан зогсооё гэвэл баг, хороо нь маш сайн ажиллах хэрэгтэй. Хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг хамарсан кампанит ажил үр дүнгүй санагддаг. Харин хүнээс-хүнд буюу хүчирхийлэл үйлдэж байгаа хүнд ойлгуулах, ухааруулах л хэрэгтэй байдаг. Архи уусан хүн бүр хүчирхийлэл үйлддэггүй. Манайхан архи л уудаг бол хүчирхийлэгч юм шиг ойлгодог. Гэтэл уугаагүй хэрнээ яг уусан хүн шиг авирлаж догшин болчихдог ч хүн бий. Иймд хамгийн гол нь тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч тулгамдаж байгаа асуудлыг эвээр, зөвөөр шийдвэрлэх гарц, гаргалгааг олж сурахад нь туслах хэрэгтэй юм.

-Арваад жилийн өмнө та хүүхдүүдийн дунд хийсэн  зан төлөвийн судалгааныхаа талаар ярьж байсан. Газ, бензин үнэртдэг хүүхдүүд олон байгааг халаглаж хэлж билээ.

-Би сэтгэц, наркологийн эмч. Надад олон хүн ханддаг байсан. Тэгсэн хүүхдүүдийн зан төлөвийн өөрчлөлт их ажиглагдсан. Сургуулийн орчинд ч хүүхдүүд их ширүүн, догшин байгааг анзаараад сайн дураараа зан төлөвийн өөрчлөлтийн судалгаа авсан юм. Би хоёр ч удаа судалгаа хийсэн. Тэгээд эхний судалгаагаа хийхдээ, гэр хороолол, төв, хувийн сургууль, эцэг эх нь “Эрдэнэт үйлдвэр”-т болон төрд ажилладаг гээд олон газраас, олон ангиллаар судалсан. Хүүхдүүд хаана сурдаг, эцэг эх нь ямар ажилтай байхаас үл хамааран зан төлөв нь өөрчлөгдөж байгаа байдал нь ижил байсан. Би тухайн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн судалгаа хийгээгүй шүү дээ. Яагаад хүүхдүүдийн зан төлөв өөрчлөгдөөд байна вэ гэдгийг судалсан. Тэгсэн гэр бүлийн харилцаанаас үүдэлтэйгээр хүүхдүүд  өөрчлөгдөж зарим нь газ, бензин үнэртэж мансуурдаг болсон байсан. Хэдэн жилийн дараа дахиад судалгаа хийхэд хүүхдүүдийн дунд найз нөхдийн дарамт их байгааг анзаарсан. Энэ нь зан төлөвийг нь өөрчлөх бас нэгэн шалтгаан болж байсан. Иймд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, ээж, аавууд бие биенээ хүндлэх, хайрлах, хүүхдээ ойлгож, сонсохоос бүх зүйл эхтэйг олон нийтэд ойлгуулах шаардлага гарсан. Ингээд БСШУЯ руу бичиг явуулж судалгааныхаа дүнг танилцуулж, сургуулийн орчинд хүүхдүүдийг анхаарч, хандах нийгмийн ажилтан хэрэгтэй байгааг санал болгосон. Удалгүй бүх сургууль ч нийгмийн ажилтантай болсон. Магадгүй ийм шийдвэр гаргах гэж байхад нь давхацсан ч байж болох  юм.

-Та олон жил гэр бүлтэй ажиллаж байгаагийн хувьд гэр бүлд тулгамддаг асуудлууд өөрчлөгдөж байна уу?

-Би 1987 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Тэр үеийн хүмүүсийн сэтгэхүй одоогийн хүмүүсийн сэтгэхүй тэс ондоо. Дээр үед хүмүүсийн сэтгэл их тогтуун байж. Одоо бол ширүүн, догшин, тогтож ядсан, адгасан, ааштай л хүмүүс байна. Ер нь бүх насны хүмүүс сэтгэхүйн сааталтай байна уу гэж харж байна. Наанадаж юмыг их мартдаг болж. Хүмүүс өөрт хэрэгтэй мэдээлэл уншихгүй байна. Хөгшин, залуу ялгаагүй утсаа л их “маажих” юм. Тэндээс хэрэгтэй мэдээллээ олж уншдаг ч юм уу, үгүй юм уу бүү мэд. Эхнэр, нөхрүүд бие биетэйгээ сайхан тогтуун ярилцахгүй байна. Ярилцахгүйгээс үүдэлтэй тулгамдаж байгаа асуудлууд их байгаа нь анзаарагдсан. Мөн хүчирхийлэл үйлдэхдээ их зэрлэгшиж. Аймаар, аймаар үйлдэл гаргах юм. Их харамсмаар. Олон жил хүчирхийлэлд өртөж байсан хүмүүсийг би салах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгж байж тухайн хүнийг эмчилж тайван болгож чадна. Хүчирхийлэл үйлдэгч нь сэтгэцийн хувьд өөрчлөлтэй болчихдог. Иймд тэднийг албадан эмчлэх хэрэгтэй. Зарим нэгт нь нөлөөллийн арга хэмжээ авч засч авах хэрэгтэй. Энэ мэтчилэн олон төрлийн эмчилгээ бий л дээ.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд түүнээсээ болж амиа хорлоход хүрсэн тохиолдол хэр олон гардаг бол?

-Тодорхой тоо мэдэхгүй юм. Саяхан их цочирдом хэрэг гарсан байсан. Аав нь согтуу үедээ гурван хүүхдээ буудаж өөрийнхөө амийг бас хөнөөсөн байсан. Тэр хүнийг буу барихаас нь өмнө эмчлэх хэрэгтэй байлаа. Үүнд баг, хорооны ажилтан, эмч нар, ойр дотныхон нь анхаарах хэрэгтэй байсан юм. Мөн төрөлхийн сэтгэцийн өөрчлөлтэй, согогтой хүмүүс бий. Тэднийг ажиглаж анхаарч үзэх бас хэрэгтэй.

-Хардалтаас үүдэлтэйгээр гэр бүлийн маргаан их гардаг. Хардалтыг хэрхэн эмчлэх вэ?

-Хардалтын дэмийрэл бол маш хэцүү. Өөрийн оюун бодолдоо хийсвэрлэн ургуулан бодож түүндээ дэмийрч байдаг. Энэ бол нэг төрлийн өвчин. Эмчлэхэд их төвөгтэй. Сүүлийн үед анзаараад байхад сэтгэл гутрал, айдсын үед хэрэглэдэг эм тасарсан байна. Энэ нь нийгэмд ийм асуудалтай олон хүн байгааг бас илтгэж болох юм.  Айдас ихдээд ирэхээр сэтгэл гутралд ордог. Цаашлаад амиа хорлоход хүргэдэг. Иймд өөрсдийн сэтгэл, оюунаа тогтворжуулж хөгжүүлэхэд хүмүүс маш их анхаарах ёстой л гэж эмч хүний хувьд зөвлөе дөө.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ