Энэтхэгт олон хүн архинд хордсоны улмаас амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-18 11:10:10

ШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас хойш 21 хүн нас бараад байна гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ.

Мөн тус мужийн Лухари-Дарважа болон Луакхера хотод хортой архи хэрэглэсний улмаас 50 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Засгийн газрын таван албан тушаалтан, тэдний дотор Татварын газрын гурван ажилтныг баривчилжээ. Тэднийг үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан гэж буруутгаж байна.

Энэтхэгт гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хольцтой согтууруулах ундааг нууцаар борлуулж байгаа нь нэн аюултай асуудлуудын нэг болоод байгаа юм. 2011 онд тус улсын зүүн нутгийн Баруун Бенгал мужид нэрмэл архи хэрэглэсний улмаас 171 хүн амиа алдаж байсан аж. Мөн 2009 онд тус улсын баруун нутгийн Гужарат мужид мужид хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрүүдээс хольцтой архи худалдан авч уусны улмаас наад зах нь 122 хүн амиа алдаж байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ