"Даланбулаг" брэнд

ОРОН НУТАГТ | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2022-01-19 17:15:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн "Өнөд өвлөх урлахуй" ХХК-ийн "Даланбулаг" брэндийг та бүхэндээ танилцуулж байна.

Цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 14 жилийн нүүрийг үзжээ. Хөмүүлийн сорс, дарш, шүүс, тэмээний чөмөгний тос, хонины сүүлний тос, махтай болон ногоотой бууз, банш, хуушуур, кимчи, хиам, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, дөрвөн төрлийн савлагаатай цэвэр ус зэрэг нийтдээ 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Чанарын удирдлагын тогтолцооны lSO 9001:2005, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцооны OHSAS 18001:2007 олон улсын стандартуудыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн хамт олон юм.


Даланбулаг цэвэр ус


"Өнөд өвлөх урлахуй" ХХК нь цэвэр усны үйлдвэрлэлийг Өмнөговь аймагт анх хөгжүүлсэн. Тэдний үйлдвэрлэдэг "Даланбулаг" цэвэр ус нь 9, 1,5, 0,5, 0,33л-ийн савалгаатайгаар хэрэглэгчдэд хүрч байна. Уул уурхайн 10 гаруй компанид цэвэр ус болон бусад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Тухайн цэвэр усны үйлдвэр нь ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүрэн автомат төхөөрөмжтэй болж, жил ирэх тусам хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм. Цэвэр усны үйлдвэрлэл нь 5 дамжлагаар усыг шүүж савлагаанд гаргадаг байна.


Даланбулаг брэндийн хөмүүлийн багц


Говь нутгийн унаган ургамал зэрлэг хөмүүлийг ардын уламжлалт аргаар нөөшлөн үйлдвэртээ савлаж хэрэглэгчдэд хүргэж байна. 2018 онд Хүнсний технологийн их сургуультай хамтран хөмүүлийн бүтээгдэхүүн дээрээ судалгаа хийлгэсэн. Хөмүүл нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, чийг бам, ханиаднаас урьдчилан сэргийлэх ач тустай. Хөмүүлийг хавар ургаж эхэлснээс хойш тэнгэр дуугарсны дараа түүх ёстойг өвгөд сургаж ирсэн байдаг. Үүнийг тайлбарлахдаа хор нь гардаг хэмээдэг байна. Говьд тэр дундаа Өмнөговь аймгийн говийн бүсэд ургадаг зэрлэг хөмүүлийн амт, чанар бусад газрынхаас илүү хэмээн үздэг.

Бороо хур элбэг үед хөмүүл жилдээ хоёроос гурван удаа ургац авах боломжтой. Хөмүүлийг ургасан үед нь ихээр түүж газар дээр нь даршлан нөөцөлдөг. Түүсний дараа шууд даршлахгүй хонуулбал "өлсөх" буюу мууддаг байна. Ийнхүү нэг түүж даршилсан хөмүүлийг бүтэн жилдээ хэрэглэж болдог. "Даланбулаг" брэндийн хөмүүлийг зөвхөн хөх давс ашиглан даршилдаг. Хөмүүлийг иргэд гар аргаар даршилж мөн сорс болгон хатааж хоол амтлах зорилгоор хэрэглэж ирсэн. Харин тухайн компани албан ёсны сав баглаа боодолтой болгож худалдаанд нийлүүлж байгаагаараа онцлог юм. 


Тэмээний чөмөгний тос


Энэхүү бүтээгдэхүүнийг хоёр бөхт тэмээний чөмгийг шаргааж гаргаж авдаг, ямар нэгэн химийн хольцгүй юм. Тэмээний чөмгийг говийнхон их эртнээс ардын эмчилгээнд хэрэглэж ирсэн байдаг. Харин эл бүтээгдэхүүн өөрөө малчдын хогийн жалганд хаягдал болж байсныг тус компанийн захирал Ц.Энхтүвшин олж харан бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэж ирсэн байна. Тэмээний чөмгийг үе мөчний өвдөлт, арьсны харшил, шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг. Удаан хадгалсан байх тусам уг бүтээгэдхүүний чанар улам нэмэгдэж байдгаараа онцлог юм. 


Хонины сүүлний тос


Хонины сүүлийг шаргааж уг тосыг гаргаж авдаг бөгөөд химийн хольцгүй бүтээгдэхүүн тул иргэд бага насны хүүхдийнхээ арьс арчилгаанд түлхүү авч хэрэглэдэг. Мөн хүнсний хэрэглээндээ ч ашиглах боломжтойг үйлдвэрлэгчид онцолсон.  

Холбоотой мэдээ