Гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-19 15:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо гадаадад суугаа монголчуудад хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай оролцох бололцоог бүрдүүлэх, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулах, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн ажлыг эхлүүлж байна.


Тодруулбал, “Хай пэймэнт солюшнс” ХХК, “Стоклаб секьюритиз ҮЦК” ХХК хамтран HiPay аппликейшн ашиглан гадаадад суугаа монголчуудад онлайнаар цахим мөнгө, үнэт цаасны данс нээх, “Эрдэнэс Тавантолгой” болон бусад ХК-иас ногдол ашгаа авах, цахим мөнгө ашиглаж хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох үйлчилгээг нэвтрүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар баталсан “Сэндбокс зохицуулалтын орчны журам”-ын хүрээнд СЗХ “Мобифинанс  ББСБ” ХХК-йн нийтэд санал болгон гаргах компанийн бондыг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, зөвшөөрөл өгсөн. Ингэснээр Monpay ашиглан, компанийн бондыг анхдагч зах зээлд санал болгон худалдаж, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлж, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2017 онд баталснаас хойш анх удаа цахим мөнгөөр дамжуулж үнэт цаас худалдан авсан.


Харин энэ удаад хилийн чанадад байгаа монголчууддаа дотоодын хөрөнгийн зах зээлд хялбар, шуурхай оролцох бололцоо бүрдүүлж, зах зээлд цахим мөнгөний хэрэглээг нэмж үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварын түвшинг сайжруулж байгаа. СЗХ шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хувийн хэвшлээс хэрэгжүүлж буй санал, санаачлагыг бодлого, зохицуулалтаар дэмжиж, хамтран ажиллана” гэдгийг онцлов.


Санхүүгийн зохицуулах хороо УИХ, Засгийн газраас баталсан бодлогын баримт бичгүүдэд туссан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч санал, санаачилгыг дэмждэг. Энэ удаад технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлж буй үйлчилгээтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэх хууль, журам, дүрмийн хүрээнд бодлогоор дэмжихийг СЗХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ