Ю.Төгсжаргал: Хурдан морьдыг сэрвээний өндөр хэмжиж уралдуулах нь хамгийн зөв шийдэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-11 11:12:49

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын алдарт уяач, “Увсын хурд” МСУХ-ны тэргүүн Ю.Төгсжаргалтай ярилцлаа.


-Та Увс аймгийн уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Тэгэхээр холбооныхоо талаар ярих уу?
-Увс аймгийн уяачдын холбоог анх 1996 онд байгуулсан. 2004 онд тухайн үед аймгийн орлогч дарга байсан Л.Батнасан, Спорт хорооны дарга Д.Төрмөнх гуай хоёр намайг дуудаж уулзаад “Бид судалж үзлээ, аймгийн уяачдын холбоог чи удирд” гэсэн санал тавьсны дагуу би зөвшөөрч тэргүүн болсон. Ажил авсныхаа дараа жил нь 2005 онд аймагтаа анх удаа Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаан зохион байгуулсан байдаг. Тэр цагаас хойш Засгийн газрын тогтоолтой уралдааныг дөрвөн удаа амжилттай зохион байгуулаад байна.
-Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулав?
-Аймгийн Засаг даргын захирамжаар хурдан морины уралдааныг сумдад бүсчлэн зохион байгуулдаг болсон. Энэ нь аймгийн баярт оролцож чаддаггүй алслагдсан сумдын уяачдаа дэмжсэн бодлого юм. Мөн жил бүр уяачдын шинэ жилээ хийж, аймгийн шилдэг 9 уяач, шилдэг 9 их нас, шилдэг 9 азарга шалгаруулж, шагнаж урамшуулж хэвшсэн. 
2015 онд Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурд даншиг наадмыг угтаж “Тод магнай” сэтгүүлийн хоёр сэтгүүлчийг урьж ирүүлэн манай холбооны нарийн бичгийн дарга Б.Замбалтай хамт 19 сумаар явуулж, сум сумын 123 уяачийн намтар түүхийг багтаасан томоохон ном хэвлүүлсэн.
Бас нэг томоохон ажил гэвэл хурдан морьдыг хар зам давуулж уралдуулдаг байсныг болиулж тойрог хэлбэрээр зохион байгуулдаг болсон. Морь барианы газарт хоёр удаа хөрөнгө оруулалтын ажил хийж, нийтдээ 180 орчим сая төгрөгөөр тохижууллаа. Одоо ч гэсэн тэнд хийх ажлууд их байна. Бид энэ жил өөрсдийн гэсэн асар барих, цаашлаад байгууллагуудад нэг нэг асар барих санал хүргүүлэх бодолтой байгаа. Ингэснээр үзэгчид асарт суугаад хурдан морины уралдааны гараа, бариаг харах боломжтой болно. Өмнө нь аймгийн баяр наадмаар 6 насны морьд уралдах гэж бараг нэг өдөрт багтдаггүй шахуу, хүндхэн ажил болдог байсан. Тэгвэл тойрог хэлбэрээр уралдах болсноор 3-5 цагт амжиж байна. Энэ нь үзэгчдийг залхаахгүй, уяач, уралдаанч хүүхдийг ядраахгүй, цаг хугацаа хэмнэсэн үр дүнтэй ажил болсон.
Мөн манай холбоо өөрийн гэсэн логотой болсон төдийгүй удахгүй сүлд дуугаа өлгийдөж авна.
-Уяачид морь барианы газар болохгүй байна гэсэн гомдол их гаргадаг?
-Хүн бүхний хүслийг гүйцээх хэцүү. Анх бид олуулаа ярьж байж хөрөнгө оруулалт оруулж шийдсэн газар. Одоо нас насны морь гарах цагийг яс бариад ажиллах юм бол уяачид морио халаах бүрэн боломжтой юм. Харин тэр цаад тойргийн асуудлыг алсуур болгох талаар бид ярилцаж байгаа. Аймагт ойрхон морь тууж очоод уралдах 25 км тэгш газар байхгүй. Иймд морьдоо дасгаж уралдуулах нь зүйтэй. Энд уралдаж эхэлсэн цагаас хойш хүүхэд унаж хүнд бэртсэн тохиолдол гараагүй, хурдан морьд ч газартаа дасаж байгаа.
-Сүүлийн хоёр жил ковид гээд морины уралдаан бараг болсонгүй?
-2020 онд аймгийн баяр наадмаас өөр уралдаан болоогүй. 2021 онд ямар ч уралдаан зохион байгуулаагүй. Манай хэсэг уяачид улсынхаа 100 жилийн ойд оролцохоор Улаанбаатар хот яваад ирсэн. Зарим уяачид маань Ховд аймагт болсон бүсийн уралдаанд очсон. Бид саяхан шинэ жилээ хийж бүсийн уралдаанд амжилттай оролцсон уяачдаа алдаршуулсан. Энэ үеэр аймгийн морь цоллоочдын анхдугаар цахим уралдаанд шалгарсан хүмүүсийн шагналыг гардуулсан. Мөн шинэ жилийн баярт хүрэлцэн ирсэн бүх уяачаа ММСУХ-ны 25 жилийн ойн медалиар шагнаж урамшуулсан.
-Энэ жил ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Энэ жил Өлгий, Тэс, Наранбулаг, Улаангом суманд бүсийн уралдаан хийхээр бид төлөвлөсөн. Мөн 8 дугаар сарын эхээр аймгийн шигшмэл хурдан морины уралдаан хийнэ. Цаашдаа шигшмэл хурдан морины уралдааныг гурван жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэсэн.
Одоо хүүхдийн даатгалын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. 2017 оны Өндөрхангайн даншиг наадмаар аймгаас олон даатгалын компани очиж ажиллачихаад морь уралдаж дуусаагүй байхад буцаад явчихсан байсан. Ямар нэг асуудал гарлаа гэхэд хариуцах эзэн байхгүй. Үүнийг шийдэхийн тулд даатгалын компанитай гэрээ хийж ажиллах шаардлагатай байгаа.
-Манай аймагт хурдан морины шинэ холбоо байгуулсан. Энэ талаар санал бодлоо хуваалцаач?
-Үндэсний морин уралдааны холбоо гэж байгуулсан гэж сонссон. Зөвхөн монгол мориор уралдах хүсэлтэй хэсэг хүмүүс байх шиг. Бид монгол хүмүүс бүгд л монгол мориор уралдмаар байна. Даан ч одоо ялгахад хэцүү болсон. Иймд бид Монголын морин спорт уяачдын холбооны 7 дугаар их хуралд төлөөлөгчөөр ирсэн газар газрын 700 гаруй уяачийн саналаар хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэсэн. Одоохондоо энэ нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаа.

Энэ асуудлаар ММСУХ-оос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд албан тоот явуулсан. Монгол морийг генетикийн түвшинд ялгаж уралдуулах боломжтой эсэх талаарх хариу нь 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ирсэн байдаг. Үүнд монгол болон эрлийз адууны популяцийг генетикийн түвшинд ялгаж уралдуулах нь цаг хугацааны хувьд хийгдэх боломжгүй гэж үзэж байна гэсэн. Монгол адууны популяцийг генетикийн иж бүрэн судалгаа хийж өвөрмөц маркерийг тодорхойлоход багадаа 5 жилийн хугацаа шаардагдана гэсэн. Иймд одоохондоо бидний гарц бол хурдан морины сэрвээний өндрийг хэмжиж уралдуулах юм.
-Холбооныхоо бүтэц бүрэлдэхүүний талаар?
-“Увсын хурд” МСУХ тэргүүн 1, дэд тэргүүн 3, тэргүүлэгч 9, нарийн бичиг нэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бид төрийн бус байгууллагын чиг үүргийн дагуу уяачдаа алдаршуулах, шагнаж урамшуулах, цол олгох, баяр наадам зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийгээд явж байна. Манай тэргүүлэгчид бүгд морь уядаг, цаашид холбоогоо хөгжүүлээд явахаар сэтгэл, зүтгэлтэй залуучууд бий. 
Бид газрын асуудал шийдэгдвэл байнгын ажиллагаатай ордонтой болох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр зорьж байна.
-Уяачид, малчдадаа хандаж та юу хэлэх вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал намжих үед хурдан морины уяан дээр баяртай уулзах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэл төгс байна.
-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ