“Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хүрээнд бий болсон хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “УИХ-аас 2020 оны
11-р сарын 13-ны өдөр “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийг баталж,
ковидын нөхцөл байдлын улмаас энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн
хэрэгжүүлэхээр болсон" гэв. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд
бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж, Монгол Улсын 2020 оны
төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасны дагуу малын
тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар бодлого
хэрэгжих боломж бүрдэж байгааг онцоллоо.
Өнөөдөр Дорнод аймагт Бэлчээрийн менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зүүн бүсийн семинар болж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс мал аж ахуйн салбарын бэлчээрийн менежмент, малын чанар, эрүүл мэнд болон “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийн талаар зүүн бүсийн семинарыг зохион байгуулж байгаа юм.
Семинарт ЗГХЭГ-ын хяналт шинжилгээ, дотоод аудитын
газрын дарга Э. Бат-Идэр, ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн
Засаг даргын орлогч Ч. Ганбат, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ИТХ-ын
Төлөөлөгчид, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтсийн
төлөөллүүд оролцлоо. Салбарын яамнаас салбар бүрийн төлөөллүүдэд
хандаж, малын тоо толгойн албан татварыг
сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхэд анхаарч,
хамтран ажиллахыг хүссэн байна.