Шилдэг багш шалгаруулах уралдааны номинаци, шагналын сан нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-18 18:56:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас зохион байгуулдаг Шилдэг багш-2022 уралдаан эхэллээ. Зохион байгуулагчдын хувьд энэ удаад уралдааны номинаци болон шагналын сангаа нэмэгдүүлжээ. Шилдгийн шилдэг нэг багшийг хоёр өрөө байраар, боловсролын салбарын 54 багш, ажилтныг нийт 150 гаруй сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

Тодруулбал, ЕБС-ийн шилдэг 40 багшийг тус бүр гурван сая төгрөгөөр, захирал, сургалтын менежер тус бүр нэгийг таван сая төгрөгөөр, гурван аргазүйчийг тус бүр нэг сая төгрөгөөр, СӨБ-ын есөн багшийг тус бүр хоёр сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон байна. Ингэснээр Сүхбаатар аймгийн боловсролын салбарын нийт багш ажилтны 10 хувь нь шагнуулах аж.

Орон нутгийнхаа шилдэг багш нарыг шалгаруулан урамшуулах замаар сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий хоёр дахь удаагийн уралдааны урирдамжийг баталж, "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-ын тэргүүлэгч Т.Баярхүү аймгийн БСУГ-ын даргад гардуулан өгснөөр уралдаан албан ёсоор эхэлж байгаа юм.

 

Холбоотой мэдээ