“Шинэ усан сан” төслийг үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. “Ундны усны аюулгүй байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар 2015 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд “Шинэ усан сан” төслийг санаачлан үе шаттай хэрэгжүүлж, цаашид ч үргэлжлүүлэх нь ач холбогдолтой гэж үзсэн байна.
Өмнө жилүүдэд Хэрлэн суманд хоёр усан сан, Цагаан-Овоо суманд ундны усны нэг худаг шинээр барьж, аймгийн төвийн болон Баянтүмэн, Чойбалсан, Сэргэлэн сумын нийт 38 ус түгээх болон усан сангийн барилгыг шинэчлэн засварлах, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хашаа, хайс хийх, гадна тохижилт явган хүний зам, талбай байгуулах, ухаалаг төхөөрөмж суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр 24 цагийн турш үйлчлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Үргэлжлүүлэн 2022 онд аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын гуравдугаар багт шинэ усан сан барих, зургадугаар багийн Буйр хорооллын ундны усны худгийн барилгыг засварлах, 10 дугаар багт ундны усны худгийн хуучин барилгыг буулгаж шинээр барьж, цэвэр усны төвлөрсөн шугамд холбох, гэр хорооллын ундны усны 10-14 худаг, усан санд ухаалаг төхөөрөмж суурилуулах зэрэг ажлыг төлөвлөөд байгаа аж. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн ундны усны эрүүл ахуйн стандартын шаардлага хангагдаж, чанар хүртээмж дээшилж байна.