Япон улсын Цог жавхлант эзэн хааны 62 насны ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-23 15:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөр болон Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүлээн авалт өчигдөр Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар их танхимд боллоо.


Японы уламжлалт бөмбөрийн “UB Drums” хамтлагийн тоглолтоор уг хүлээн авалт эхэлж, морин хуурын чуулга хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлсний дараа Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв.




Элчин сайд Х.Кобаяши үйл ажиллагааг нээн хэлсэн үгэндээ, “Цог Жавхлант Эзэн хааны 62 насны ойг тэмдэглэхийн хамт хоёрдугаар сарын 24-ний өдөр Япон Улс, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо угтаж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийн өнөөг хүртэлх дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн Япон, Монголын харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө хоёр орны холбогдох хүмүүсийн хамт хүчин чармайлт гарган ажиллах болно” хэмээв.




Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Япон Улс, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойг Та бүхэнтэй хамтдаа угтаж байгаадаа туйлын баяртай байна. Өдгөө Япон, Монгол хоёр улс нь эрх чөлөө, ардчилал, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий "Стратегийн түншлэл"-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. Хоёр улсын хооронд төр засгийн өндөр хэмжээний айлчлал тогтмол хэрэгжүүлж, улс төр, аюулгүй байдал зэрэг олон чиглэлийн уулзалт, яриа хэлэлцээ зохион байгуулж, тууштай, харилцаа холбоотой ажиллаж байгаа билээ. Хоёр улсын хамтын ажиллагаа бүс нутаг, олон улсын тавцанд ч жил ирэх тусам улам бүр гүнзгийрэн хөгжиж байна. Соёл, спортын салбар дахь Монголын сумо бөхчүүдийн амжилтын замнал төдийгүй Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар япон хүн томилогдон ажиллах зэргээр харилцаа, холбоо улам бүр бэхжин хөгжиж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Өнгөрсөн оны 7-р сард нээлтээ хийсэн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Япон Улс, Монгол Улсын хамтын ажиллагааны нэгэн шинэ бэлгэ тэмдэг болж буй юм. Энэхүү нисэх буудлын бүтээн байгуулалтыг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн Албан ёсны тусламж (ХАЁТ)-ийн шугамаар хийсэн бөгөөд менежментийн үйл ажиллагаанд Японы аж ахуйн нэгж, компаниуд оролцон ажиллаж байна. 2022 он нь манай хоёр улс харилцаагаа илүү ахисан түвшинд хүргэхийг зорьсон, ирэх 50 жилийн түүхийн шинэ хуудсыг эхлүүлэх жил болж байна. Миний бие энэхүү түүхийг Та бүхэнтэй хамтдаа бүтээх чин хүсэлтэй байна” хэмээв.


Хүлээн авалтын танхимын орох хэсэгт Монголтой харилцаа бүхий Японы орон нутгийн засаг захиргаанаас ирүүлсэн Япон, Монголын харилцааны түүхэн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, хүрэлцэн ирсэн зочдод өнөөг хүртэлх хоёр орны ард түмний харилцаа холбоог эргэн дурсах боломжийг олгосон байв.




Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарухито угсаа залгамжлагч хунтайж байхдаа 2007 онд Монгол Улсад айлчилж, манай улсын түүх, соёл, уламжлалт урлаг, үндэсний их баяр наадмыг сонирхон танилцсанд монголчууд бид нэн таатай байдгаа онцлон тэмдэглэж байна. 50 жилийн хугацаанд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон Улс манай чухал гуравдагч хөрш, бүс нутаг дахь найдвартай Стратегийн түнш болж, олон улс, бүс нутгийн тавцанд ч нягт хамтран ажиллаж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг идэвхжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, өндөр технологийг нутагшуулах нь ирэх шинэ зууны харилцааны чухал алхам гэж үзэж байна.

Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг эргэн сөхвөл:

  • 1991-2021 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 336 тэрбум иенийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлж, гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгосон.
  • Япон Улс, Монгол Улсад хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа санаачлан зохион байгуулсан.
  • 1990 оноос Япон Улс “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 332 сумаас 206-д нь боловсролын салбарын 500 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.
  • Японы буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 2002 онд Нарны зам, 2012 онд Нарны гүүр, 2019 онд Япон, Монголын сургалтын эмнэлэг, 2021 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон.
  • 2015 онд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан.
  • 2021 онд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад 2 сая 350 мянган тун Pfizer вакцин нийлүүлсэн. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийт 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгож, вакцинжуулалтын мэдээлэл сурталчилгааны аяныг дэмжих, вакцины төв агуулахыг өргөтгөх, хүйтэн хэлхээг сайжруулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр техник, ложистик, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна” гэлээ.

Түүний дараа “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол үйлдлээ. Энэхүү япон сакэ задлах ёслол нь торхтой сакэны тагийг цохиж задлан аз жаргалыг дууддаг утга учиртай японы уламжлалт зан үйл юм.


Ёслолд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши гэргийн хамт, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын зарим гишүүн, үе үеийн зарим Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, спорт, байгаль орчин аялал жуулчлал, батлан хамгаалах, онцгой байдлын байгууллагын төлөөлөл, ОХУ, АНУ, БНСУ, БНЭУ, Казахстан зэрэг улсын Элчин сайд нар, дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.






 

Холбоотой мэдээ