“Миний нутаг” найраглалын уран уншлагын цахим уралдааны шилдгүүдийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-23 21:53:46

Төв /МОНЦАМЭ/ Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ойн хүрээнд “Миний нутаг” найраглалын уран уншлагын цахим уралдааныг зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа.

Тус уралдаанд Төв аймгийн 27 сумын нийт 62 бүтээл, 5000 гаруй иргэн оролцжээ. Уралдааныг аймгийн ЗДТГ, Нутгийн Залуучуудын холбоо хамтран 3 насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд нийт 62 бүтээл ирүүлснээс Насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрт Зуунмод сумын Политехник коллежийн багш нар, дэд байрт Зуунмод сумын Монгол хэл бичиг, уран зохиолын багш нар, гутгаар байрт Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Н.Ганцэцэг, Ц.Уранцэцэг нар шалгарлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн насны ангилалд тэргүүн байрт Эрдэнэ сумын 7а анги, дэд байрт Зуунмод сумын 4-р сургуулийн 2 а анги, гутгаар байрт Угтаалцайдам сумын 4а анги тус тус шалгарсан байна.

Мөн цэцэрлэгийн насны ангилалд тэргүүн байрт Аргалант сумын Янзагахан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, Угтаалцайдам сумын Нарны хаан цэцэрлэгийн бэлтгэл бүлэг, Зуунмод сумын Бүжинхэн цэцэрлэгийн Х. Дөлгөөн, Б.Эрдэнэбаатар нар шалгарчээ.

Их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг таниулах, “Миний нутаг” шүлгээр төлөөлүүлэн эх оронч үзэл санаа, шинжлэх ухаанч, уран сайхны гайхамшигт шийдэл бүхий сонгодог бүтээлүүдийг шимтэн судлах, иргэдэд эх хэлээрээ уран яруу илтгэх чадвар, зөв сайхан ярих, төрсөн нутаг, түүх соёлоороо бахархах сайн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагааг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар шийдэрлэсэн байна.

 

 

Холбоотой мэдээ