Туульчид товшуур хөгжмөө өөрсдөө хийдэг байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-28 11:08:37

Баруун монголын туульчдыг товшуур хөгжимгүйгээр төсөөлөх аргаггүй бөгөөд тэд хөгжмөө өөрсдөө хийдгээрээ онцлогтой.

Товшуур хөгжим баруун монголын хөдөөгийн айл бүрт  байж, найр наадам гэлтгүй чөлөөт цагаагаараа дуулж, айл саахалтаараа  уул усаа магтан  дуулдаг хөгжмийн зэмсэгийн нэг.

Товшуурын их биеийг харгай модоор хийж, царыг ямааны илгээр бүрнэ. Товшуурын утсыг намрын ямааны өлөн гэдэс, эвэл хурдаг морины сүүлний хялгасыг эрчилж хийдэг ажээ.Товшуурын утас бүдүүн, нарийн байхаас гадна зөв буруу эрчтэй байна. Дээд талын  утсыг 9 хялгасаар зөв эрчилдэг бол, доод талынхыг 7 хялгасаар буруу эрчилдэг байна. Товшуурын хөг нь нэлээд царгиа дуутай, туульчид товшуурын хоёр утсыг гараараа чавхдан тоглодог. 

Алтайн урианхайчуудын товшуурын магтаалд:

Улиасан гэдэг модоороо

Урлаад хийсэн товшуурам

Улаан зээрдийнхээ сүүлээрэм

Хялгаслаад хийсэн товшуурам хэмээн магтан дуулдаг нь уг хөгжмийг ямар материалаар, хэрхэн яаж хийдгийг торхой өгүүлж байгаа тухай түүхийн ухааны доктор Б.Батмөнх судалгааны номондоо тодорхой дурьдсан бий.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ