Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойг гурван жилд багтаан барина

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-19 11:01:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь газрын тосны ордоос Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах дамжуулах хоолойг гурван жилд багтаан барина.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэж, УУХҮЯ-наас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Уг тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгарсан юм. Энэ дагуу УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийг санхүүжүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанийг төлөөлж Ерөнхий менежер Жоу Диан Бин нар энэ сарын 18-нд хамтран ажиллах ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа.


Гэрээ хүчин төгөлдөр болсноор өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах юм.


“Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барих бөгөөд уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ.


Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм.

Холбоотой мэдээ