Элчин сайд Ө.Энхтүвшин Эрхүү хотод ажиллав

Монголын мэдээ | УЛС ТӨР
bolor@montsame.mn
2022-05-03 09:09:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 2022 оны 4 дүгээр сарын 29-30-нд ОХУ-ын Эрхүү хотод ажиллав.

 

Тэрбээр Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, мужийн Хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников, орлогч дарга К.Р.Алдаров нартай 4 дүгээр сарын 29-ний өдөр тус тус албан ёсны уулзалт хийв.

Эрхүү мужийн удирдлагуудтай хийсэн эдгээр уулзалтын үеэр талууд бүс нутаг, хил орчмын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг дэлхийн эдийн засаг, тээвэр ложистикт бий болж буй шинэ сорилтуудад зохицуулан худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарууд дахь бодит ажлуудаар баяжуулж, шинээр төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

 

Элчин сайд Ө.Энхтүвшин Эрхүү хотын дарга Р.Н.Болотовтой 4 дүгээр сарын 30-ны өдөр уулзаж, ах дүүгийн харилцаатай Улаанбаатар, Эрхүү хотын хамтын ажиллагаа, 2022 онд төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд Эрхүү хотын их, дээд сургуулиудын гүйцэтгэсэн үүргийг монголын тал өндрөөр үнэлж, боловсрол, хүмүүнлэг, эрүүл мэндийн салбарууд дахь хоёр талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэхэд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар байнгын дэмжлэг үзүүлэхийг нотлов.

Монгол Улсын Ерөнхий консулын газарт хүсэлт гаргасны дагуу Оросын бизнес эрхлэгчдийн төлөөллийг Элчин сайд Ө.Энхтүвшин мөн өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татвар, Чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар бизнесийн төлөөллийн тавьсан асуултуудад хариулж, манай улстай хийх худалдаанд тулгамдаж буй төлбөр тооцооны хүндрэлийг хэрхэн зохицуулах талаар ярилцлаа. Томоохон бизнес форум хамтран зохион байгуулж мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хоёр улсын бизнесийн харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээлүүдийг оновчтой шийдэх гарц олж, шийдвэрлэхийн төлөө ажиллацгаая гэж уулзалтад оролцогчид санал нэгдэв.



Холбоотой мэдээ