Олимпын алтан медальт Н.Эрхэмбаяр: Бэлтгэлээ сайн хийсний үр дүнд амжилт гаргаж чадлаа

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-05-24 11:54:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаярыг нутагтаа ирэхэд нь аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.

Тэрбээр Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиосон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм. Аймгийн Засаг дарга түүнд алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт гардуулж, “Нутаг орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явдаг тамирчин хүүдээ болон багш Х.Пүрэвсүрэн, дасгалжуулагч Э.Баттүшиг нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэлээ.

Н.Эрхэмбаяр Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлэгт суралцдаг бөгөөд "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болж байв. Түүний сэтгэгдлийг Х.Пүрэвсүрэн багшийнх нь дэмжлэгтэйгээр тодрууллаа. 


Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр: 

-    Тэмцээнд спортын 20 гаруй төрлөөр 73 орны 3000-аад тамирчин өрсөлдсөн. Олон шилдэг тамирчныг ялж, Монгол Улсынхаа нэрийг гарган алтан медаль авсандаа их баяртай байна. Тэмцээний бэлтгэлээ багшийнхаа заавраар их хичээж, шамдаж хийсэн. Үүний үр дүнд ийм амжилт гаргаж чадлаа.

Дөрвөн жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадитай барилдахдаа энэ удаа заавал ялна гэсэн бодолтой байсан. Дараа дараагийн уралдаан тэмцээнд амжилтаа бататгахын тулд бэлтгэл сургуулиа өнөөдрөөс эхлэн тогтмол хийж эхэлнэ.  

 

 

Холбоотой мэдээ